“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль” 2015 онд батлагдсанаар манай улсын бодлого төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдаа хангагдан, хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ өргөжиж, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй удирдахад чухал баримт бичиг болж чадсан юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, мэдээлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолооор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг баталсан. Энэхүү тогтоолоор аймгийн Засаг даргад үүрэг болгосны дагуу нутгийн захиргааны байгууллага болон төр, орон нутгийн өмчит бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдөх, байгууллагынхаа онцлог, чиг үүрэгт нийцсэн журмыг боловсруулж хэрэгжүүлэх, зохион байгуулах, тайлагнах “Завхан аймгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж батлуулаад байна. Иймд дээрх бодлогын баримт бичгийг сурталчилах, шинэ журмын бүтцийн өөрчлөлтийг танилцуулах, аймгийн нийгэм эдийн засгийн байдал, цаг үеийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд сумдын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бичиг хэргийн эрхлэгч, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцлоо.
Сургалтын үеэр шинэ журмыг танилцуулснаас гадна төрийн албан хаагчийн эрх, үүрэг, хариуцлага, төлөвлөлт, төрөл арга зүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлогын баримт бичиг, хууль тогтоомжинд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, цаашид анхаарах асуудал, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, сум багийн үр дүнг үнэлэх тухай, аймгийн Засаг даргатай сумдын Засаг даргын байгуулсан гэрээний биелэлт хяналт үнэлгээ, анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь шинээр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажиллах, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад үр дүнгээ өгсөн чухал сургалт болсныг оролцогчид онцолж байлаа.
Б.Оюун-Эрдэнэ