ЗАВХАН АЙМАГ 44 ЖИЛИЙН ДАРАА ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “СҮХБААТАРЫН ОДОН”-ГООР ШАГНАГДЛАА
6787 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1923 онд Хантайшир уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж байсан Монгол Улсын ууган 4 аймгийн нэг Завхан аймаг МУ-ын Ерөнхийлөгчийн 157 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа. Завхан аймаг олон жилийн түүхт хөдөлмөр бүтээлээрээ шалгарч 1963 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 1973 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдаж байсан бол ийнхүү 44 жилийн дараа “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нутгийн удирдлагын ордны урд, армийн генерал Б.Доржийн талбайд болсон юм. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Л.Очирсүрэн болон бусад албаны хүмүүс, Завхан нутгаас төрсөн алдар суутнууд, ард иргэд өргөнөөр оролцлоо. Завхан аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Л.Очирсүрэн уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан одонг төрийн далбаанд зүүж, үнэмлэхийг аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулан өглөө.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: “Энэ хүндтэй шагнал бол Завханчуудын хийсэн бүтээснийг үнэлж буй шагналаас гадна ард түмэн, залуу үеийнхэнд эрч хүч, энерги өгч байна. Завхан нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл, оюун билгээ зориулсаар ирсэн үе үеийн иргэд хөдөлмөрчид энэ цаг мөчөөс эхлэн энгэртээ гялалзах 3 том одонтой боллоо. Төрийн хүндэтгэлийг хүлээж өндөр шагналуудаар энгэрээ гоёсон ард түмэн илүү их ажиллах, илүү их сэтгэх шаардлагатай. Цаашид Завхан нутгийн хүн бүрийн сэтгэлгээ уужим байж, өрх бүр үйлдвэрлэгч болж, нутгаа хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж, хөгжлийг түүчээлнэ гэдэгт итгэж буй монгол төрийн итгэл, үнэлэмж юм” хэмээн онцоллоо.

Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав сүүлийн жилүүдэд Завхан аймгийн хөгжил, мал аж ахуйн үйлдвэрлэлд гаргасан үр дүн, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил, аялал жуулчлалыг баруун хязгаарт хөгжүүлж, аялал жуулчлалын бүс нутаг болгох эхлэлүүд тавигдсан энэ үед Завхан аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү Завхан аймгийн Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт оруулсан хувь нэмэр, өсвөр үеийн авьяас чадвар, оюун ухааны сэтгэлгээг хөгжүүлж, Монгол орныхоо нэр хүндийг өндөрт өргөх үйлсэд оруулсан  хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасан юм. Ингэснээр Завхан аймаг “Сүхбаатарын одон”-т 7 дахь аймаг боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

 

 

 

2017-07-08 17:45:20