Завхан аймгийн төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгуулж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ц.Түмэнбаяр, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон бусад албаны хүмүүс, орон нутгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.
МУ-ын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж буй энэ автозам 7 метрийн өргөн, 5 см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм. Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК, хяналтын зөвлөхөөр “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК ажиллаж байна. Туслан гүйцэтгэгчээр Монголын үндэсний дотоодын гүйцэтгэгч компаниуд болох “Ти Ай Би” ХХК, “Даймонд Рөүд” ХХК, “Энх төгөл бэх” ХХК, “Даблью Экс Пи” ХХК-иуд ажиллаж байна.
Харин хамгийн хүнд гэгддэг Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны 8-р сараас эхлэхээр төлөвлөөд байна. Ийнхүү Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Ингэснээр Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.
Б.Оюун-Эрдэнэ