ДЭЛХИЙД ГАЙХУУЛАХ НҮҮДЭЛЧДИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
7185 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монголчууд бид дэлхийд гайхуулах дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Хүн төрөлхтөний ихэнхи үеийн түүхийг үүрч ирсэн Монгол нүүдлийн соёл иргэншил бол гэр бүл, хот айл, саахалт, овог аймаг, улс гүрний гал голомт, залгамж чанар, үнэнч шударга, шургуу хөдөлмөр тэмцэл, хүмүүжил, ёс суртахууныг цогцоор нь бүтээсэн байдаг. Харамсалтай нь бид нүүдлийн соёл иргэншлийн шавхагдашгүй их өвөө мартаж, уламжлалт ёс заншлынхаа тухай ухвар мөчид ойлголттой явна. Монголчуудын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байгаа тоон мэдээлэл байна. Тэгвэл байгалийн хуулийг танин мэдэж, түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн нүүдлийн соёл иргэншлээ таниулан сурталчилах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээг Завхан аймаг анх удаа байгалийн үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн хүндэтгэн дээдэлдэг Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөн дээр амжилттай зохион байгууллаа. Наадмыг зорин ирсэн зочид төлөөлөгчид, гадаад дотоодын жуулчид, иргэд нээлтээ үзэхээр төв талбайруу морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэг хөллөн, морь, тэмээ, сарлагаа унан очсон нь мартагдах дөхсөн Монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх энгийн бөгөөд эхний алхам байлаа. Нээлтийн үйл ажиллагаа ч ёслол төгөлдөр болж, нүүдэлчин Монголчуудын өв соёл, уламжлалт зан заншил, түүхийг харуулсан олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн нь наадамчин олны сэтгэлийг баясгаж, Монгол түмний омогшлыг бадрааж байлаа.

Нүүдэлчдийн соёл, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхээр адуу, тэмээ, үхэр, бог малын отгууд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, отгуудын хооронд наадамчид ердийн хөсгөөр зорчсон нь аргагүй л Монгол ахуйг харуулсан юм. Тухайлбал ҮХРИЙН ОТОГ дээр сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх тэмцээн, үхэр тэргээр нүүдэл хийх, тэрэг хөллөх, нуруу ачаа ачих, гэрийн дээс хошлон томох, сур элдэх тэмцээн зохион байгуулж, үнээ саах, цагаан идээ хэрхэн боловсруулах зэргийг харуулсан бол БОГ МАЛЫН ОТОГ дээр хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж,  эсгийний найр хийж байлаа. Мөн бог малын сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Завхан буурал, сартуул үүлдрийн эцэг малын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Харин АДУУНЫ ОТОГ дээр морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, эмээллэх, айргаар дэмбээдэх, хуруудах тэмцээн зохион байгуулж, гүү саах, айраг эсгэх ёслол, унага тамгалах, унага уралдуулах, адууны циркийн тоглолт, хурдан морины уяа сойлго тааруулах, адууны гаралтай цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан морьтой сайхан хос шалгаруулсан бол ТЭМЭЭНИЙ ОТОГ дээр тэмээгээр нүүдэл хийж ачаа тосох, ингэ хөөслөх, ингэ саах, эмнэг тэмээ сургах, ботготой ингэ зэллэх, тэмээн тэрэгтэй аялал зэргийг зохион байгуулж нүүдэлчдийн соёлыг сурталчиллаа.

Хүннү гүрний үеэс улбаатай эрийн гурван наадам бол яах аргагүй нүүдэлчин Монгол түмний түүх соёлын үнэт өв юм. Тиймээс Нүүдэлчдийн соёлын наадмын нэгэн чухал хэсэг бол Завхан аймгаас төрсөн 4 тод манлай уяачийн мялаалга наадам, үндэсний сур, хасаа харваа, үндэсний бөхийн барилдаан байлаа. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Яруу сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж, Цэцэн-Уул сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог, Улиастай сумын харьяат Лхагвагийн Цандэлэг нарын мялаалга наадам “Очирваанийн шигшмэл хурд” шилдэг хүлэг шалгаруулах 6 насны морины уралдааныг Улаагчны хар нуурын зүүн хэсэг Бурхантын үзүүрт зохион байгуулж тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин барилдсанаас шөвгийн дөрөвт Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын начин Г.Баасандорж, Монгол Улсын начин Л.Лха-Очир, Монгол Улсын начин Б.Чимэдвандан нар шалгарч Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, МУ-ын начин Л.Лха-Очир үзүүрлэлээ.

Үндэсний сурын харваанд Завхан, Улаанбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын эрэгтэй 24, эмэгтэй 13, нийт 37 харваач өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Завхан аймгийн Алдархаан сумын уугуул “Богдын гол” УЦС ХХК-ийн харваач Б.Батсайхан түрүүлж, дэд байранд Хэнтий аймгийн харваач, спортын мастер Б.Нямбаяр, гутгаар байранд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Хилчин спортын хороо, Есүхэй мэргэн клубын харваач Г.Бат-Амгалан, эмэгтэй төрөлд Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Д.Эрдэнэчимэг түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат аймгийн мэргэн Л.Батбаяр хоёрдугаар байрт, Яруу сумын харьяат, аймгийн мэргэн Б.Содном гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Хасаа харвааны тэмцээнд 10 багийн 90 харваач өрсөлдсөнөөс Эрдэнэхайрхан сумын Энх-Амгалан ахлагчтай баг түрүүлж, Зэвсэгт хүчний 325-р ангийн Буянзаяа ахлагчтай баг дэд байранд, Төгсбуянтжавхлант хийдийн Базаргүр ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа.

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ын нэгэн чимэг бол уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн шигшээ тэмцээн байлаа. Морин дэл дээр дэлхийн талыг эзэлж явсан Монгол түмний морь унах эрдэм чадлыг гайхуулахаар 19 аймгийн 70 гаруй адуучин залуус хүрэлцэн ирж, хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Уран уургач шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Цэгмид тэргүүн байр, Хэнтий аймгийн Алтаншагай дэд байр, Орхон аймгийн Шүхэрт гутгаар байр, Дорноговь аймгийн Түвшин-Эрдэнэ дөрөвдүгээр байр эзэлсэн бол уран бугуйлчдын тэмцээнд Завхан аймгийн Баасандорж тэргүүн байр, Хөвсгөл аймгийн Мягмарсүрэн дэд байр, Хэнтий аймгийн Тогтохбаяр гутгаар байр, Орхон аймгийн Батбаяр дөрөвдүгээр байрыг тус тус эзэллээ. Эмнэг булгиулалтын тэмцээнд Архангай аймгийн Ууганбаатар тэргүүлж, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Шохан,  гуравдугаар байрт Хэнтий аймгийн Алтаншагай, дөрөвдүгээр байрт Завхан аймгийн Бямбадорж нар шалгарсан бол багийн дүнгээр Хэнтий аймаг тэргүүн байр, Орхон аймаг дэд байр, Хөвсгөл аймаг гутгаар байр, Завхан аймаг дөтгөөр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Завхан аймаг анх удаа зохион байгуулсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг дотоодын 6000 орчим, гадаадын 300 гаруй зочид төлөөлөгчид, жуулчид зорин ирсэн бөгөөд нүүдэлчин Монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсанд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм. Тухайлбал Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Габриелла Спирли хэлэхдээ: Үзэсгэлэнт байгальд болж байгаа нүүдэлчдийн наадам үнэхээр сонирхолтой юм. Энэ наадам зөвхөн монгол ахуй, ёс заншлыг харуулаад зогсохгүй малчдыг газар нутаг болон бэлчээрээ хамгаалах, соёлын өвөө хадгалан үлдэхэд нь өндөр үр дүнтэй арга хэмжээ болж байгааг онцоллоо. Мөн олон жуулчид дараа жилийн наадамд дахин ирнэ хэмээн итгэл төгс хэлж байлаа. 

Ийнхүү олон зууны түүхтэй нүүдэлчин ард түмний дэлхийд гайхуулах давтагдашгүй соёл, Монгол ахуй, өв уламжлал, ёс заншлыг цогцоор нь харуулж чадсан “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг Завхан аймаг анхны жилдээ амжилттай зохион байгууллаа. Наадмын үеэр малчид ердийн хөсөг, морь, тэмээгээ хөлслөн орлоготой байсан хэдий ч нөгөө талаас бидний Монголчууд морь малнаасаа хөндийрч, нүүдлийн соёлоосоо хэтэрхий холдсонд харамсаж буйгаа илэрхийлж байлаа. Тиймээс “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нүүдэлчин ард түмнийхээ ахуй соёлыг өвлүүлэн үлдээж, сурталчилан таниулах нь нэн тэргүүний чухал ач холбогдолтой гэдгийг тодотгон  харууллаа. Ирэх жилийн наадам илүү сонирхолтой, өргөн дэлгэр болох нь дамжиггүй юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 





 

2017-07-28 16:57:09