УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
782 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ жил улсын хэмжээнд нийт газар нутгийн 80 гаруй хувь нь гандуу зуншсан нь өвөлжилтөнд хүндээр нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах”-аар Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж заавар зөвлөмж өглөө.

Аймгийн Онцгой комиссоос 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал, саналуудыг танилцууллаа. Завхан аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,4 сая мал тоолуулсан бол 2017 онд 1.2 сая төл хүлээн авснаар нийт малын тоо 4,4 саяд хүрчээ. Өнгөрсөн зуны ихэнх саруудад олон жилийн дунджаас бага хур тунадастай, хуурайшилтын зэрэг өндөртэй байснаас 8 сум гантай, 11 сум гандуу, нийт нутаг дэвсгэрийн 33 хувь нь гантай, 42 хувь нь гандуу, 25 хувь нь хэвийн байгаагаас бэлчээрийн даац олон дахин хэтэрч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс орон нутгийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч, хяналт тавин ажиллаж байгааг хэллээ. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухайд манай аймгийн Улсын нөөцийн 5 цэг салбарт нэмж 700 тн өвс, 500 тн тэжээл нөөцлөхөөр төлөвлөгдөн сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар сумдын нөөцөд тэжээл 10 нт, өвс 118 тн, аймгийн нөөцөд тэжээл 174 тн, өвс 60 тн, улсын нөөцийн цэгүүдэд 700 гаруй тн тэжээл, 450 тн орчим тэжээл байгааг хэллээ. Харин Засгийн газрын нөөц сангаас аймагт хуваарилсан 50.0 сая төгрөгийг орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, сумын өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд 30.0 сая, худаг, уст цэгийн засварын ажилд 20.0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ. Отор нүүдлийн тухайд говийн бүсийн нутгаар  хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй байснаас аймаг дундын Багахайрханы бүс нутагт олон тооны мал хүлээн авах боломжгүй байгаа тул бэлчээрийн даацад тохируулан  зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.Сумдын ирүүлсэн саналаар Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Увс аймгийн нутагт цаг үеийн байдал, намаржааны нөхцөлөөс шалтгаалан уламжлал байдлаар  цөөн  тооны айлууд нүүдэллэх зорилготой байгаа тул зохих түвшинд нь хэлэлцэж зохицуулалт хийхээр аймаг, орон нутгуудад албан тоотоор хүсэлтээ хүргүүлжээ. Мөн усан хангамж, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээ, газар тариалан, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар тус тус мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, говийн сумдад худаг гаргах, засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Түдэвтэй сум дахь өвс, тэжээлийн агуулахыг Улсын нөөцийн өвс тэжээлийн цэг болгох, “Амь-ус” Трейд ТӨХКомпанид өвлийн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник хэрэгслүүдийг шийдвэрлүүлэх, төсөвт байгууллагуудын /боловсролын/ халаалтын өрийн асуудлыг шийдвэрлэх, Ургамал сумын 9 жилийн сургуулийн хичээлийн байр сургалт явуулах, дотуур байранд малчдын хүүхдийг хүлээн авах нөхцөл шаардлагыг хангахгүй болсон тул асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг 11 хүсэлтийг уламжиллаа.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Завхан аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг сайшаасан юм. Аймгийн Онцгой комиссын төлөвлөгөөтэй, хийсэн ажилтай, цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө тодорхойлсон зэрэг нь бусад аймгуудаас ялгарч байгааг онцоллоо. Эцэст нь Завхан аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад хэрхэн анхаарах талаар чиглэл өгч, малчдыг өөрсдийн хүчээр өвлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын даатгалд хамруулах шаардлагатай зэргийг хэллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-08-29 17:43:23