АРЦ СУУРЬ-2017 ХИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 85,4 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ
2264 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн онд ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын Засгийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт Арц суурийн боомтод хилийн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж байхаар харилцан тохиролцсон юм. Энэ хүрээнд “Арц суурь-2017” хилийн үзэсгэлэн яармаг худалдааг 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд аймгийн ИТХ, ЗДТГ, Баянтэс сумын ИТХ, ЗДТГ хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын БНТыва улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Кара-Оол Леонид Валерьевич, гадаад харилцааны ажилтан Догур-Оол Ай-Хан Владимирович, Эрзин хошууны Хурлын дарга Уржук Нина Буяновна, Эрзин хошууны орлогч дарга Чавынчак Байыр Бонуй-оолович нар оролцлоо.

Яармаг худалдаанд ОХУ-ын БНТыва улсаас 230 машин бүхий 800 гаруй худалдан авагч, Монгол улсын Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ 4 өдөр Тыва улсын иргэдэд борлуулж 65,4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн Баянтэс сумын 15 иргэн, аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулж 20,0 сая төгрөгийн хоол борлуулжээ.

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Тыва улсын иргэд ч орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонирхож, түлхүү худалдан авалт хийж байлаа. Үзэсгэлэн яармагт оролцсон бизнес эрхлэгчдээс “Шилдэг үйлдвэрлэгч” номинацид Баянтэс сумын “Баян булаг дэлгэрэх” ХХК-ийн захирал Т.Аюушжав савхин гутал, ширэн тэлээгээрээ, Улиастай сумын “Зоби” ХХК-ийн захирал н.Баасанжаргал, Увс аймгийн “Шагай” ХХК-ийн захирал н.Банзрагч, “Шилдэг хоол үйлдвэрлэгч”-ээр Баянтэс сумын иргэн С.Мөнхтуг, “Шилдэг бизнесмэн”-ээр Тэс сумын “Тэсийн зүр” хоршооны дарга Н.Батмөнх, Улиастай сумын “Улиастай ирээдүй” хоршооны иргэн Б.Эрдэнэчимэг, Баянтэс сумын иргэн Б.Батнасан, “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр сур, суран эдлэлийн үйлдвэрлэлээрээ Баянтэс сумын иргэн Г.Чимэдрэгзэн нар шалгарч Өргөмжлөл, цом, медалиар шагнагдлаа.

Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд 32 бөхийн барилдаан зохион байгуулж ОХУ-ын БНТыва улсын бөх Ай Даш түрүүлж, Арц суурь боомтын гаалийн ажилтан С.Элбэгдорж үзүүрлэлээ.

Ийнхүү Арц суурийн боомт дээр 2017 оны намрын хилийн үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Цаашид хамтран ажиллах санамж бичгийнхээ хүрээнд олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санаачилга гаргаж ажиллахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

                                                             

 

2017-08-30 11:04:55