2017-2018 оны хичээлийн жилд Завхан аймгийн хэмжээнд 1104 хүүхэд 1-р ангид элсэн суралцаж байна
1367 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн хэмжээнд 39 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 29 сургууль, мэргэжлийн боловсролын 3 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Сургууль цэцэрлэг бүр 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өргөн дэлгэр зохион байгуулж аймгийн Засаг дарга Д.Батсайхан улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Эдүгээ 56 жилийн түүхтэй тус сургуулиас Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди, шатрын ОУ-ын хэмжээний мастер П.Жигжидсүрэн, МУ-ын гавьяат багш Р.Маабазар, Алтангэрэл, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж зэрэг олон алдартнууд төрсөн байдаг. Аймгийн хэмжээнд хүүхдийнхээ тоогоор тэргүүлдэг Жавхлант цогцолбор сургууль өнгөрсөн хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад алт 10, мөнгө 5, хүрэл 10 медаль хүртэж тэргүүн байр эзэлсэн бол энэ хичээлийн жилд сургалтын чанараа дээшлүүлэн хүүхэд бүрийн авьяас чадварыг хөгжүүлж, “Сайн багш” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажиллахад бэлэн болжээ. Мөн Дэлхийн шилдэг 500 сургуулийн нэг, Азийн шилдэг 100 сургуулийн нэг, Тайваний шилдгийн шилдэг 5 сургуулийн нэг болох “Азийн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж энэ хичээлийн жилд Улиастай сумын 5 сургуулиас 20 сурагч, Жавхлант цогцолбор сургуулиас 5 сурагчийг хөнгөлөлттэй суралцуулахаар болсон байна.

Завхан аймаг шинэ хичээлийн жилийн өмнөхөн багшийн ёс зүй, харилцаа хандлагын талаар бүх сумын багш нартаа сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм. Мөн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах тал дээр ч анхаарал хандуулж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 3 сургууль, цэцэрлэгийн хичээлийн байр шинээр ашиглалтанд орсон бол энэ зун олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудын санхүүжилтээр мөн 3 сургуулийн байранд их засвар хийгээд байгаа юм. Харин энэ хичээлийн жилд Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн шинэ байр, Баянхайрхан сумын хичээлийн байр, спорт заалны барилга, Тэлмэн, Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилгууд үргэлжилнэ. Ийнхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтуудаас гадна мөн өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан сургалтын орчныг сайжруулах тал дээр анхаарч байна. 2017-2018 оны хичээлийн жилд Завхан аймгийн хэмжээнд 1104 хүүхэд 1-р ангид элсэн суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг бүлэгт дунджаар 26 сурагч, харин дунд, ахлах ангид 23-25 сурагч хичээллэнэ. Багшлах боловсон хүчний хувьд хөгжмийн багшаас бусад мэргэжлийн багш нар бүрэн хангагдсан байна. Харин залуу багш нар аль болох аймгийн төвдөө ажиллах сонирхолтой, хөдөө сумдад ажиллах тал дээр нэлээд хойрго хандаж байгаа гэнэ.

Ирээдүйд зөв төлөвшил хүмүүжилтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарын харилцаа хандлага, ур чадвар сайн байх ёстой. Тиймээс Завхан аймаг сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлыг үр дүнг дэмжсэн “Сайн багш” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хичээлийн жилд  олон үр дүнтэй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. 2017-2018 оны хичээлийн жилд Завхан аймаг бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтны ажлын хариуцлага, ёс зүйг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулж боловсролын үйлчилгээг эрүүл, аюулгүй орчинд тэгш хүртээмжтэй үзүүлэхээс гадна хамран сургалтыг нэмэгдүүлж, насан туршийн боловсролоор хангах зорилго тавьжээ. Аймгийн хэмжээнд бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,3 хувь байгаа нь улсын хэмжээнд нэлээд дээгүүрт байрт орж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-09-05 16:09:46