Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын хурал энэ 7 хоногоос эхлэн тогтмол үргэлжилнэ
906 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал боллоо. Эхлээд Зоонозын өвчин судлалын төвөөс тарваган тахал өвчний талаар  мэдээлэл хийж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгааг хэллээ. Харин Улиастай сумын ЗДТГ-аас “Цэвэр хот-Улиастай” аянаа дүгнэж, уралдаанд тэргүүлсэн байгууллагуудын шагналыг гардууллаа. Аяны хүрээнд зохион байгуулсан ажлаараа аймгийн ЭМГазар тэргүүлсэн бол Ахмадын ордон дэд байрт, 6-р цэцэлэг гуравдугаар байрт шалгарчээ.

Мөн энэ үеэр МУГЖ Л.Дэмидбаатар “Улсын Драмын Эрдмийн Театрын өдрүүд” аялан тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ нь 12  жилийн дараа Завхан аймагт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо хийхээр болсон байна. Н.Ганхуяг “Бүүвэй” уянгын драмын жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг орон нутгийн үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 9-р сарын 11, 12-нд Тосонцэнгэл суманд, 9-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Улиастай хотод тус тус тоглохоор төлөвлөжээ.

Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ.  Тэрээр орон нутгийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Завхан аймгийн ХЖТеатр, УДЭТ-тай 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар “Өндөр гэгээн” жүжгийг аймгийн ХЖТеатрын хамт олон тавихаар төлөвлөснийг дуулгалаа. Тус жүжгийн зохиолыг төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж , хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од бичиж байгаа юм байна. Энэ бол “Өндөр гэгээн” жүжгийг орон нутгийн театр дангаараа тавьсан анхны тохиолдол бөгөөд нэр төрийн хэрэг юм. Цаашид ч УДЭТ-ын туслалцаатайгаар олон уран бүтээл хийнэ. Тиймээс албан байгууллагууд “Улсын Драмын Эрдмийн Театрын өдрүүд” аялан тоглолтонд онцгойлон хамтран ажиллах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн 7-р сарын 15-аас түр завсарлаад байсан албан байгууллагын дарга эрхлэгч нарын хурал энэ 7 хоногоос тогтмол үргэлжлэхийг мэдэгдээд энэ хугацаанд зохион байгуулсан томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ жил анх удаа зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам алдаа, оноо аль аль нь байсан ч олон шинэ түүхийг бичиж чадсаныг онцоллоо. Хамтран ажилласан сумууд, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлээд ирэх жилийн наадмын зохион байгуулалтын талаар 9-р сарын 15-ны дотор саналаа ирүүлэхийг хүслээ. Мөн Завхан аймгийн хэмжээнд МУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж дууссан байна.

 МУ-ын ЗГ-ын 186, 187-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар, ажлын төлөвлөгөө гаргаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа, Ч.Пунцаг нараар ахлуулсан 2 ажлын хэсэг 15 суманд ажилласан бол аймгийн Засаг дарга Д.Батсайхан 8-р сарын 22-оос 9-р сарын 3-ны өдрүүдэд 24 суманд ажиллалаа. Энэ үеэр сумдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай таницсанаас гадна төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний санал бодлыг сонслоо.

9-р сарын 2-ны өдөр Отгонтэнгэрийн дархан цаазат газар ба Денали үндэсний парк, байгалийн нөөц газрын хооронд эгч дүүс парк байгуулах ёслолын ажиллагаа болж энэ үеэр Завхан аймагт туулах чадвар сайтай 10 мотофикль бэлэглэсэн байна.

 

Мөн аймгийн Засаг дарга холбоо харилцаа тогтоох боломжгүй, өвөл цасанд их боогддог газрууд болох Бөхөн шарын нуруу, Алдархаан сумын Алаг уул, Их-Уул сумын Өвөр гүнтийн оройд  Жи мобайлын станцын өргөтгөл суурилуулах ажил эрчимтэй үргэлжилж байгааг дуулгалаа. Зам засварын ажлын тухайд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажил  үргэлжилж байгаа бол Загастайн давааны 67 км замын ажил Хятадын талаас шалтгаалан түр хугацаагаар хойшилсон байна. Харин Яруугийн зам засварын ажил эхэлж Хатавчийн даваа хүртэлх 15 км замыг хусч сайжруулж байна. Түүнчлэн ОБЕГ-аас зохион байгуулж байгаа хандивын үйл ажиллагаанд албан байгууллагууд онцгой ач холбогдол өгч оролцохыг уриаллаа. Хурлын төгсгөлд аймгийн ИТХ, ЗДТГ Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулах, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй Завханчуудтай уулзах ажлыг энэ сарын 8-11-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон тухай мэдээллийг өглөө.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-09-05 16:21:47