Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад бартаат замын 10 мотоцикль гардууллаа
1164 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Америкийн Нэгдсэн Улсын Денали Үндэсний Парк, Байгалийн нөөц газар ба Отгонтэнгэрийн Дархан Цаазат Газрын хооронд эгч дүүс парк байгуулах ёслол болон "Rally for Rangers" сангаас Отгонтэнгэрийн УТХГ-ын байгаль хамгаалагчдад мотоцикл гардуулах ёслолын үйл ажиллагааг тусгай хөтөлбөрийн дагуу 08 сарын 28 -аас 09 сарын 04-ны хооронд Отгонтэнгэрийн УТХГ-т амжилттай зохион байгууллаа. 09 сарын 02-ны өдөр Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр нар Эгч дүүс паркийн тохиролцоог хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Эгч дүүс парк байгуулахын гол зорилго нь олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын ашиг сонирхол, ач холбогдлыг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн туршлагыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулахад оршиж байгаа юм.

Мөн "Rally for Rangers" сангаас хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж  YAMAHA маркийн  бартаат замын 10 мотоциклыг АНУ, Австрали, Канад улсын иргэд Улаанбаатараас Отгонтэнгэр уулын өвөр хүртэл 1600  км замыг туулан  ирж Отгонтэнгэрийн УТХГ-ын 10 байгаль хамгаалагчдад  гардуулан өглөө.  Энэхүү үйл ажиллагаанд АНУ-ын Үндэсний Паркийн захиргааны орлогч дарга Том Медема, Деналийн Үндэсний Парк, Байгалийн нөөц газрын орлогч дарга Денис Сванке, МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтош, Калифорнийн их сургуулийн төлөөлөл Стив Шакилтон, АНУ-ын ЭСЯ-ны Хүрээлэн  буй орчин, ШУ, технологи, эрүүл мэнд хариуцсан ажилтан  Onejin Wu, орчуулагч Дарьсүрэн,БОАЖЯ-ны сайдын зөвлөх Өнөдэлгэрэх, БОАЖЯ-ны ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Хуулийн хэлтсийн дарга Раднаа, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Нансалмаа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга Лхамсүрэн,СЭЗХ-ийн мэргэжилтэн Болорцэцэг, МЭТ-ийн ахлах менежер Г.Чимгээ, менежер Орхон тогооч Цэцгээ, мотоциклчид болон орон нутгийн удирдлагууд, малчид, иргэд оролцлоо. 

Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан МЭТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошыг  Завхан аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Зочид төлөөлөгчид 08 сарын 28-аас 09 сарын 03-ныг хүртэлх хугацаанд Улаагчны хар нуурын БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгалийн үзэсгэлэнт газруудын хамгааллын байдалтай танилцсан юм. Мөн Монгол улс болон АНУ хоёр орны байгаль орчин тогтвортой хөгжил, ТХГН-ийн менежментэд цаашид хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцлоо.

 

2017-09-05 16:45:06