Улиастай сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд Улиастай хотоо хөгжүүлэх, ард иргэдээ цэвэр цэмцгэр, эрүүл, тохь тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ногоон Улиастай”, “Сайн хашаа”, “Унадаг дугуйтай Улиастай”, “Цахим Улиастай” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хотын ногоон байгууламжийг богино хугацаанд үр дүнтэй нэмэгдүүлэхэд онол, практикийн мэдлэгтэй ажилчид зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жилээс жилд хөдөлмөр, хөрөнгө зарж ногоон байгууламж бий болгохыг зорьдог ч амьдрах чадвар муутай, үр дүнгээ төдийлөн өгөхгүй байгаа нь нууц биш. Тиймээс энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн ажилчидтай “Ногоон байгууламжийн алба”-тай болсноор тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байгаа юм. 1972 онд мод боловсруулах үйлдвэрийн комбинатын ажилчдыг бэлтгэх зорилготойгоор ойн чиглэлээр байгуулагдаж, 1982 онд Ойн техник мэргэжлийн дунд сургууль болж байсан Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Шаамар сум дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь ой мод, хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр олон жил мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй туршлагатай сургууль юм. Тиймээс эдгээр сургуулиудтай хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, туршлагатай багш нарыг урьж ажиллуулахаар аймгийн удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Аймгуудын туршлагаас харахад хот тохижилт, ногоон байгууламж, хог тээврийн алба тус тусдаа үйл ажиллагаагаа явуулснаар хариуцсан ажлаа үр дүнтэй хийдэг байна. Гэвч Улиастай хотын хувьд хотын өнгө үзэмжтэй холбоотой бүх асуудлыг Хот тохижилт үйлчилгээний алба хариуцаж байсныг болиулж, бусад аймгийн жишгийн дагуу Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн алба, Хог тээврийн албыг тус тусад нь ажиллуулахыг зорьж байгаа юм байна. Энэ хүрээд аймгийн Засаг даргын захирамжаар Хот тохижилт үйлчилгээний албыг Улиастай сумын захирагчийг албанд нэгтгэж, Тохижилт үйлчилгээний алба, Хог тээврийн албатай болгожээ. Цаашид Тохижилт үйлчилгээний албанаас Ногоон байгууламжийг албыг дахин салгаж мод үржүүлгийн чиглэлээр 5, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн чиглэлээр 5 хүнийг Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-д сурган дадлагажуулахаар төлөвлөжээ. Ингэснээр мэргэжлийн алба, цаашлаад хүн бүрийн хариуцах ажил тодорхой болж богино хугацаанд үр дүнд хүрнэ.
Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн захирал Д.Загдгочоо хэлэхдээ: Завхан аймгийн төв Улиастай хотыг “Ногоон хот” болгоход манай сургууль хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бид энэ чиглэлийн мэргэжилтэй ажилтныг богино хугацаанд чанартай бэлтгэн өгч, зорилтоо биелүүлэхэд тусалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мод тарих хамгийн тохиромжтой үе намрын улирал байдаг байна. Тиймээс 10-р сарын эхээр Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн мэргэжлийн багш, оюутнуудтай хамтран Завхан аймгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон, хүйтэн, ганг тэсвэрлэх чадвартай, хот тохижилтонд түлхүү ашигладаг өнгө үзэмж сайтай хэд хэдэн төрлийн мод тарихаар боллоо.
Ийнхүү энэ намраас аймгийн “Ногоон байгууламжийн алба”-ны мэргэжилтнүүдийг Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-д бэлтгэж, Улиастай хотоо “Ногоон хот” болгох тал дээр нэлээд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр хотын ногоон байгууламжууд эрс нэмэгдэж, иргэд тоос шороогүй, эрүүл, эко хотод ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ