АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 23.000 ШИРХЭГ МОД ТАРИВ
871 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллага, ард иргэд жил бүр олон тооны мод тарьдаг боловч ургалт дөнгөж 40-50 хувьтай, ихээхэн үргүй зардал гардаг байна. Тиймээс Завхан аймаг энэ удаагийн мод тарих үндэсний өдрөөр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллалаа. 40 гаруй жилийн түүхтэй Сэлэнгэ аймаг дахь ойн МСҮТ-ийн багш, суралцагчдыг урьж, тэдний заавар, зөвлөмжийн дагуу байгаль, цаг уурын онцлогт тохирсон моднуудыг тарилаа. Аймгийн хэмжээнд 23.000 ширхэг мод тарьсан бол Улиастай хотод 2 настай 1.000 ширхэг агч мод, 10.000 чацарганы суулгац, 100 гарцуур, 100 шинэс мод суулгалаа. Тухайлбал Завхан аймагт анх удаа тарьж буй агч мод нь хүйтэн, ганг тэсвэрлэх, хөнгөн хөрсөнд ургах чадвартай, тайралт хэлбэржүүлэлтийг даадаг, үзэмж сайтай гоёмсог мод аж. 

Аймгийн Засаг даргын урилгаар Завхан аймагт айлчилж буй Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу энэхүү үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр Завханчуудтай хамт мод тарьж буян үйлдсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Завхан аймаг энэ оны 11 дүгээр сараас Сэлэнгэ аймаг дахь ойн МСҮТ-д хот суурин газрын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажиллах мэргэжилтнүүдийг суралцуулна. Ингэснээр цаашид Улиастай хотоо ногоон болгох зорилт үр дүнтэй хэрэгжинэ гэж харж байгаа юм.  Мод тарих үндэсний өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улиастай сумын ЗДТГ хамтран албан байгууллага, ард иргэдэд улиас, бургас, шар хуайс, хайлаас, үхрийн нүд, чацаргана, агч, гацуур, шинэс модыг үнэгүй тарааж тариулсан байна. Цаашид нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна цэцэрлэгт хүрээлэн, айл өрхийн хашаанд жимсний болон төрөл бүрийн мод тарих ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-10-16 17:31:39