НҮБ-ийн Хүүхдийн сан 2017-2021 онд Завхан аймагтай хамтран ажиллаж "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төслийг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж аймгийн удирдлагууд, цаашид хамтарч ажиллах талуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдийн эрхийг хангах, нийгмийн амьдрал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүдээ дэмжих, залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, сэтгэлгээг өөрчлөх зэрэг олон чиглэлээр санал бодлоо солилцож хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. Мөн НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Завхан аймгийг иргэдийн оролцоог хангасан шийдвэр гаргахад бусад аймгуудад үлгэрлэх сайн туршлага хэрэгжүүлж буйг сайшаагаад ирэх жил усан хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудал дээр анхаарч ажиллана гэдгээ хэллээ. Мөн хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын удирдлага мэргэжилтнүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг, хүүхдэд ээлтэй засаглал" сургалтыг зохион байгууллаа. Үр дүнд нь төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн бүрийн хүүхдэд ээлтэй орон нутаг болоход оруулах хувь нэмрийг нь тодорхойлж, нэгдсэн ойлголттой болох юм. Өөрөөр хэлбэл салбар бүрийн оролцоог жигд хангах чухал ач холбогдолтой. Цаашид сонгосон сумдад сайн туршлага, загвар бий болгох замаар бусад сум, орон нутагт нөлөөлөх зорилготой юм.
Ийнхүү ирэх 4 жилийн хугацаанд НҮБ-ийн Хүүхдийн сангийн санжүүжилтээр Завхан аймгийн хүүхэд залуучуудын сайн сайхан ирээдүйд чиглэсэн олон ажлыг хийхээр боллоо.
Б.Оюун-Эрдэнэ