АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН ТАЙЛАН, “АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1070 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хөдөөгийн 23 суманд 2017 оны ажлын тайлангаа тавьж, “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгууллаа. Тэрээр “Завханчуудын хөгжил дэвшил” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ 24 сумын 115 багийн ард иргэдийнхээ саналыг авч, иргэдээ сонсох зарчимд тулгуурлан боловсруулсан юм. Энэ хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж, тэдний санал, шүүмжийг сонслоо. Мөн 6000 гаруй иргэнээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэлд оруулах санал авлаа. Аймгийн Засаг даргын ажлын тайлан, Ард иргэдээ сонсох аяны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын 20 гаруй албан хаагч багтан иргэдээ сонсож, тэдний асуултанд хариулт өгсөн бол Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамт олон урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Завхан аймаг иргэдийнхээ саналд тургуурлан “ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ”-т шилжих томоохон зорилт дэвшүүлж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгоход чиглэсэн олон ажлыг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг дарга ажлын гараагаа алтан шар замаасаа эхэлж, Загастайн давааны замыг богино хугацаанд зассан бол Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын ажлыг 2016 оны 8-р сарын 25-ны өдрөөс эхлүүлж , эрчимтэй үргэлжилж байна. Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км замын үргэлжлэл болох Загастайн давааны 67 км хатуу хучилттай замын хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдэж, Тосонцэнгэл–Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай замын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Энэ мэтээр аймаг орон нутгийн хөгжил дэвшлийг тодорхойлох, ард иргэдийн амьдрал ахуйд үр өгөөжөө өгөх олон бодит ажлыг эрчимтэй хийж байгаад иргэд талархлаа илэрхийлж, Завхан нутгийн хөгжил шинэ шатанд гарна гэдэгт итгэж байгаагаа хэлж байлаа.

Завхан аймгийн ирээдүй хойч үеийг бэлтгэж буй  багш нарын хөдөлмөр зүтгэлийг даацтай үнэлж, урамшуулах хэд хэдэн шийдвэр гаргасан нь мөн л цаг үеэ олсон ажил гэдгийг иргэд хэлж байна. Өөрөөр хэлбэл элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэсэн шавь нь дээд оноо буюу 800 оноо авсан багшийг 800.000 төгрөгөөр, улсын олимпиадын аварга сурагч бэлтгэсэн багшийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулж байх шийдвэрийг гаргасан юм. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд аймгийн хэмжээнд 5 хүүхэд 800 оноо авч, багш  тус бүрийг нь 800.000 төгрөгөөр шагналаа. Мөн амьдралын хүндийг нуруундаа үүрч, хатуу бүхнийг сэтгэлийн тэнхээгээрээ сөрж яваа бүтэн өнчин хүүхдүүдэд дэм хайрлах,  ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, сургуулиа төгсөөд сургалтын төлбөртөө санаа зовохгүй байлгах зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар “Бүтэн зүрх” хөдөлгөөнийг  өрнүүлж байгаа юм. Манай аймгийн хэмжээнд бүтэн өнчин 75 хүүхэд байдаг байна. Тэдгээр хүүхэд тус бүрт 500.000 төгрөгийн хадгаламж нээж өгснөө энэ үеэр дуулгаж батламжийг нь гардууллаа. “Бүтэн зүрх” хөдөлгөөнд албан байгууллага, ард иргэд өөрсдийн санаачилгаар нэгдэх боломжтой. Мөн сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж төрийн одон медаль, салбарын шагнал хүртсэн иргэдийнхээ шагналыг гардуулан өглөө.

Төр бол ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний байгууллага. Тиймээс аймгийн Засаг дарга төрийн байгууллагуудын ажлыг ард иргэдийн үнэлгээгээр дүгнэх шийдвэрийг гаргасан юм. Энэ хүрээнд бүх сумын төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдээр нь үнэлүүлэх ажлыг зохион байгууллаа.  

Аймгийн Засаг даргын жилийн ажлын тайланг төрийн албан хаагчид зохион байгуулснаараа онцлог байлаа. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын ажлын тайлан гэдэг бол Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтуудыг анхан шатанд хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын тайлан юм. Тиймээс төрийн албан хаагчид иргэдээ урьж үйлчиллээ. Ийнхүү аймгийн Засаг даргын 2017 оны ажлын тайлан, “Ард иргэдээ сонсох аян”-ыг хөдөөгийн 23 суманд амжилттай зохион байгууллаа. Мөн малчдынхаа амьдрал ахуйтай танилцаж, санал бодлоо солилцлоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-10-18 17:59:48