ТҮДЭВТЭЙ СУМ ТӨВЛӨРСӨН ХАЛААЛТАНД ХОЛБОГДЛОО
1193 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг сумуудаа нэгдсэн халаалтанд холбох ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Хөдөөгийн 23 сумаас 3 сумыг төвлөрсөн халаалтанд холбоод байсан бол энэ удаад Түдэвтэй сум нэгдсэн халаалт, цэвэр устай боллоо. Гүйцэтгэгч “ММС трейд” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 25-аас ажлаа эхэлж 10 дугаар сарын 04-өөс эхний халаалтуудаа өгчээ. Бүх айл өрх, албан байгууллагуудыг холбоход бэлэн болсон ба өнөөдрийн байдлаар сургуулийн дотуур байр, сумын ЗДТГазар, Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн байр, 10 гаруй өрх, хэдэн хэдэн хувийн хэвшлийн байгууллага халаалтаа авсан байна. Мөн дэлгүүр,  айл өрхүүд тасралтгүй захиалгаа өгч байгаа гэнэ.

Түдэвтэй сум 600 орчим өрх, 1800 гаруй хүн амтайгаас сумын төвдөө 400-аад хүн ам оршин суудаг. Халаалтаас гадна цэвэр усны шугам хамт тавигдаж байгаа учраас айл өрхүүд бойлуур ашиглан халуун усныхаа асуудлыг ч шийдэх боломжтой. Ингэснээр хөдөөгийн иргэд худгаас ус зөөхгүй,  тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж байна. Нэгдсэн халаалттай болсонтой холбогдуулан цаашид төвлөрсөн орон сууцны хороолол барихаар төлөвлөжээ.  Энэ мэтээр Завхан аймаг ирэх жил 4-5 сумыг нэгдсэн халаалтанд холбоно.

 

                                                                                                                 Б.Оюун-Эрдэнэ   

2017-10-20 18:05:52