БАЯНТЭС СУМЫН ЦЭЦЭРЛЭГ ШИНЭ ӨРГӨТГӨЛИЙН БАЙРТАЙ БОЛОВ
1088 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ жил 54 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Баянтэс сумын хүүхдийн цэцэрлэг 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч барилгын багтаамжаасаа 3 дахин их буюу 150 орчим хүүхэд суралцдаг тул хоёр гэр, 15 жилийн өмнө аж ахуйн аргаар барьсан хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж, сургалтын орчин нөхцөл нэлээд тааруу байжээ. Тиймээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхээс гадна тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор барилгын материалаа зээлээр авч энэхүү 100 м.кв,  50 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг 20,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр өөрсдөө барьж ашиглалтанд оруулсан байна. Ингэснээр тус сумын хүүхдүүд дулаан, тохьтой орчинд хичээллэж байгаа бол цэцэрлэгийн хувьд олон газар галлахгүйгээр түлш халаалтын зардлаа ч хэмнэх боломж бүрджээ.

Цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилгыг барихад эцэг эхчүүд, ард иргэдийн хандив туслалцаанаас гадна Орон нутгийн хөгжлийн сангаас 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Орон нутагт төсөв хөрөнгө байхгүй гээд гараа хумхиад суухгүй ийнхүү хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайжруулахын тулд өөрсдийн хүчээр шинэ байр барьсан сайн туршлага Баянтэс суманд байна. Энэ барилгыг тендер зарлаж бариулвал 50 орчим сая төгрөг зарцуулна. Тиймээс хөрөнгө мөнгийг орон нутагт нь шийдээд өгчихвөл 2 дахин хямд өртгөөр барих боломжтой гэдгийг харуулж байгаа юм. Тус суманд цэцэрлэгийн насны 247 хүүхэд байдаг нь  аймгийн 24 сумаас хүүхдийн тоогоороо нэлээд дээгүүрт ордог. Нэг хувийн цэцэрлэгт 50 хүүхэд суралцаж, сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт  83,4 хувтай байсан бол цэцэрлэгийн өргөтгөл барьснаар хамран сургалт 0,9 хувиар нэмэгджээ.

 

Б.Оюун-Эрдэнэ 

2017-10-20 18:12:48