Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд 2017 оны 10 сарын 21-ны өдрийн 07:00 цагийн үед уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017 оны 10 сарын 22-ны 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тухайн үед Завхан аймагт томилолтоор ажиллаж байсан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан 3 алба хаагч, Завхан аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан12 алба хаагч, Увс аймгийн ОБГ-аас хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 2 алба хаагч, Завхан аймгийн уулчдын холбооноос уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Ө.Батманлайгаар ахлуулсан 3 уулчин, Нэгдсэн эмнэлгээс 10 алба хаагч, Цагдаагийн газраас 10 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албанаас 3 алба хаагч нийт 6 автомашинтай 16:25 цагт эрлийн ажиллагааг зохион байгуулахаар гарчээ. Мөн Отгон сумаас цагдаагийн тасгийн дарга, дэд ахлагч н.Бум-Эрдэнээр ахлуулсан 5 хүн 16:12 цагт, Говь-Алтай аймгаас гарсан ажлын хэсэг Улиастай сумаас гарсан ажлын хэсэгтэй нэгдэж 20:25 цагт ослын газарлуу хөдөлжээ. 10-р сарын 23-ны өглөө 07:05 цагт уулчин Ө.Батманлайгаар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн 1-р хэсэг Отгонтэнгэр уулын зүүн хойд хэсэгт очиход уулын бэлээс нуранги үүссэн газар хүртэл ойролцоогоор 5 км зайтай, нуранги нь бартаа саад ихтэй хадан хавцал руу орсон байгаа тул энэ хэсэгт уулчид осолдсон байж болзошгүй гэж үзсэн байна. Тиймээс хавцал руу энгийн иргэд бус мэргэжлийн уулчин аврагч оруулах шаардлагатай тухай мэдээллийг өгчээ. 10-р сарын 23-ны өглөө Улсын онцгой комисс хуралдаж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан 20 гаруй хүн МИ-171 нисдэг тэргээр, 08:00 цагт аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газар руу хөдөлсөн юм. Мөн аймгийн төвд 11 хүний бүрэлдэхүүнтэй "Шуурхай штаб", Отгон сумын төвд Салбар штаб, ослын газарт аймгийн Засаг даргаар ахлуулсан штабууд 24 цагаар ажиллалаа.
10-р сарын 23-ны орой МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг, ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр, аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан багийг Отгонтэнгэр хайрханы өвөрт очиход ослын газар ажилласан багийнхан дараах мэдээллийг өгсөн юм. Цогцос хайх талбайг тодорхойлох зорилгоор 10-р сарын 23-ны өглөө 3500 метрээс дээш өндөр дэх эгц ханан хадыг тал талаас нь самнаж, дээр хүн үлдээгүй гэдгийг тогтоосноор гол хүчийг хавцал руу төвлөрүүлсэн. Энэ бол цасны нуранги биш, хавтангийн гулсалт байсан. Өөрөөр хэлбэл олон жилийн настай мөсөн дээр цас хатуурч тогтож байгаад даацаа алдаж гулсаж унасан гэсэн үг. Отгонтэнгэр уул бол маш олон жилийн турш тогтсон мөс, цастай оргил. Уулчид тэрхүү мөнхийн мөсөн дээр тогтсон унахад бэлэн болсон цасан дээгүүр явж таарсан бөгөөд ийм осол нүд ирмэхийн зуур болоод өнгөрдөг. 700 метрийн өндрөөс 80-90 градусын эгц хавцал руу маш өндөр хурдтайгаар унаж осолдсон учраас амьд хүн үлдэх ямар ч боломжгүй гэдгийг хэллээ. Эрлийн эхний өдөр 09:30-17:00 цагийн хооронд ослын голомтын бүсэд 45 хүн ажиллаж 3 эмэгтэй, 7 эрэгтэй хүний цогцсыг олсны үзүүр, үүргэвч, хувцас хэрэглэлийнх нь ил гарсан хэсгээр баримжаалан олжээ. Ууланд авиралт хийсэн 7 эмэгтэй, 20 эрэгтэй хүний 6 нь мэргэжлийн уулчин бусад нь УБ хот болон хэд хэдэн аймгийн уулын клубуудын сонирхогч гишүүд байсан гэнэ. Уулчид авирсан газраараа буулт хийгээгүй, нэг олсонд 5-6 хүн орох ёстой атал хүний тоог хэтрүүлж 8, 9, 10-аараа 3 олсонд хуваагдан орсон, авиралтаа өглөө эрт эхлээгүй, 10-р сар буюу буруу цаг хугацааг сонгож авиралт хийсэн зэрэг хэд хэдэн ноцтой алдаа гаргажээ. 10 дугаар сарын 23-ны орой МУ-ын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар уулнаас буусан 10 иргэнтэй уулзаж нөхцөл байдлыг танилцууллаа.
Эрлийн 2 дахь өдөр УБ хот, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн 166 албан хаагч нэг баг болж, 24 техник, 2 нисдэг тэрэгтэй шуурхай ажилласны үр дүнд 800 метр урт, 100-150 метрийн өргөнтэй 1.5-2 метрийн гүн цасан нурангинаас 4 хүний цогцсыг тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар оллоо. Мөн аймгийн төвөөс 4 лам залж тахилгын овоон дээрээ Богд Очирваань хайрханаа аргадах, тайх номнуудыг уншууллаа. Эрлийн 3 дахь өдөр үлдсэн 3 хүний цогцсыг 2 метрээс дээш гүн цасан доороос хайх учраас цогцос байж болох газруудын зураглалыг мэргэжлийн байгууллагууд маш сайн хийж, ойролцоох сумуудаас нэмэлт багажуудыг төвлөрүүлсэн юм.
Ийнхүү 10 дугаар сарын 25 буюу эрлийн 3 дахь өдөр хүн хүчнийхээ тоог нэмэгдүүлж өглөөний 07:30 цагт 99 албан хаагч 2 техник хэрэгсэлтэй хөдөлж 09:45 цагт ослын газар дээр очин эрлийн ажиллагаагаа эхлүүллээ. Эрлийн баг мөн л зохион байгуулалт сайтай шуурхай ажилласны үр дүнд 10:40 цагийн үед үлдсэн 3 цогцосыг олсноор эрлийн ажиллагаа дууссан юм. Цогцоснуудыг УБ хотруу нисдэг тэргээр тээвэрлэж хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авлаа.
Эрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад нийт 225 төрийн албан хаагч, орон нутгийн иргэд оролцлоо. Аймгийн зүгээс эрлийн ажиллагаа явуулахад шаардлагатай хүн хүч, хоол хүнс, бензин шатахуун, түлээ түлш, орон байр, нисдэг тэрэгний шатахуун цэнэглэх баг, гар утасны болон интернэт сүлжээг өргөтгөх, сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх баг гээд бүхий л бэлтгэл ажлыг хангалаа. Онцгой байдлын байгууллага цасан нурангитай ажиллах туршлага бага байсан хэдий ч далайн түвшинөөс дээш 3200 метрийн өндөрт 50 см-ээс 3 метр орчим цасан нурангинд богино хугацаанд эрлийн ажиллагааг амжилттай зохион байгуулж монгол төр үүргээ гүйцэтгэж чадсаныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал онцоллоо. Түүнчлэн тусгай хүчний байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч, алба хаагчдын ур чадвар сайн байгааг сайшааж, төрийн 3 өндөрлөгийн талархлыг дамжууллаа. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нутаг нутгийн зүгээс хүлгийн жолоо залж, сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласан алба хаагчид, албан байгууллага, ард иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлж, ослын дуудлага ирсэн даруйд хамгийн түрүүнд шуурхай ажилласан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Увс аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Б.Баттулга нарыг Завхан аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Баянхонгор аймгийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүн 50 хүний хоол хүнс болон багаж, техник хэрэгсэлтэйгээ ирсэн бол Мобиком, Жи-мобайл, Юнител групп сүлжээгээ өргөтгөн мэдээлэл харилцаа холбоог сайжруулж, Петровис ХХК бензин шатахууны хандив туслалцаа үзүүллээ.
2015 онд БОАЖ-ын сайдын тушаалаар Төрийн тахилгат Богд Очирваань Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хориглосон хэдий ч байгаль хамгаалагчийн шаардлагыг үл ойшоон ийнхүү дур мэдэн авиралт хийсний улмаас 17 иргэн алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Өвөг дээдсийн уламжлалаар эмэгтэй хүн хайрханы оройд гарах нь бүү хэл 1000 гаруй метрийн өндөрт орших "Бадархундага" нууранд очихыг цээрлэдэг билээ. Монголчууд бид бурхан шүтээнээ хоймортоо залж тахин шүтдэгтэй нэгэн адил ар Монголын заяа буяныг ивээн даасан Отгонтэнгэр хайрханыхаа зулай дээр гишгэхгүй байх учиртай.
Б.Оюун-Эрдэнэ