АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
2410 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 14 асуудал хэлэлцлээ. Эхлээд Отгонтэнгэрийн рашаан сувиллын менежментийн гэрээний хувьчлалын хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн тайланг хэлэлцэж Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар хангалтгүй гэж үзэн, саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар боллоо.  Дараа нь эрүүл мэндийн салбарт хэрэгжих “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” дэд хөтөлбөр, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” дэд хөтөлбөр, “Элэг бүтэн Завхан” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах шийдвэрийг гаргалаа. Харин “Сайн оюутан” хөтөлбөрийг дахин боловсруулах үүргийг өгч, “Сайн бизнесмэн” хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн саналыг авч тусгахаар боллоо. Мөн “Оюунлаг Завханчууд” хөтөлбөр, “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөр, Шилэн дансны ил тод байдлын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын явц, ”Сайн бизнесмэн” хөтөлбөр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын явцыг тус тус хэлэлцэж үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өмнө нь салбарын сайд, хэлтэс агентлагийн дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээний биелэлтийг хэлэлцдэггүй байсан бөгөөд анх удаа хэлэлсэнээрээ онцлог байлаа.

 

2017 онд аймгийн Засаг дарга 15 сайд, газрын даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт аймгийн дунджаар 81.6 хувьтай байна. Аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт эхний 9 сарын байдлаар 78,7 хувьтай үнэлэгджээ. Харин аймгийн Засаг дарга, сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 57,8 хувьтай байна. Сонгино, Асгат, Эрдэнэхайрхан, Завханмандал, Тэлмэн сум аймгийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж гэрээний хэрэгжилт өндөр хувьтай байгаа бол Дөрвөлжин, Яруу, Цэцэн-Уул сумын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэж 11-р сард дахин аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахаар боллоо.

Аймгийн Засаг даргын хэлтэс, агентлагийн дарга нартай байгуулсан гэрээний биелэлт эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд 52,9 хувь буюу хэрэгжих шатандаа байгаа учраас хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр зөвлөмж чиглэл, үүрэг даалгавар хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих шаардлагатай байгааг хэлж байлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагуудын үр дүнгийн гэрээний хэрэгжилт сайн байгаа бол Биеийн тамир спортын газар, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Авто тээврийн төв биелэлтээ ирүүлээгүй, харин ХЖТеатр, аймгийн Музей, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудын аймгийн Засаг даргатай хийсэн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

 

Үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүнд тусгагдсан удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог хангах зорилтын хэрэгжилтийг хангуулах шалгуур үзүүлэлтийн нэг болох байгууллагын дарга нарын шуурхай хуралдаан 2017 оны эхний 9 сарын байдлаар 35 удаа хуралдсанаас Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар  30 удаа хуралдаа суусан буюу 85 хувийн ирцтэй байгаа бол Авто тээврийн үндэсний төвийн Завхан аймаг дахь салбар 5 удаа хуралд сууж 14.3 хувийн ирцтэй байна. Өөрөөр хэлбэл албан байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай хуралд идэвхтэй сайн оролцдог байгууллагууд мэдээллээ цаг тухайд нь авч хэрэгжүүлж байгаа бол хуралд суудаггүй байгууллагуудын гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байна.

Хамгийн сүүлд аймгийн Засаг даргын ажлын тайлан, “Ард иргэдээ сонсох аян”-ы тайланг хэлэлцлээ. Аяны хүрээнд иргэдээс ирсэн санал хүсэлтийг төрөлжүүлж, шийдвэрлэх асуудлуудыг сум, аймаг, улсын түвшинд багцлан, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо. Энэ нь МУ-ын Засгийн газрын 89 дүгээр тогтоолд тусгагдсан "Захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ын дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ард иргэдийн саналаар үнэлж байгаагаараа ач холбогдолтой юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

2017-10-31 12:06:43