АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДАА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ УЛАМЖИЛЛАА
1694 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цахим хурал зохион байгуулж 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо. Засгийн газрын зүгээс хэд хэдэн чиглэлээр мэдээлэл өгсөн юм. Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан МУ-ын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврыг бүх шатанд хэрэгжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллахыг үүрэг болголоо. Хурлын үеэр аймаг бүр тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Завхан аймгийн хувьд нэн тэргүүнд шийдвэрлүүлэх шаардлагатай 2 томоохон асуудал байгаа юм.  Нэгдүгээрт, 8 сумын Засаг дарга огт машингүйн улмаас цаг үеийн хүнд нөхцөлд хувь хүмүүсийн техник хэрэгслийг дайчлан ажиллаж байгаа тул автомашинтай болгох асуудлыг шийдвэрлэж өгөх, Хоёрдугаарт, дизель түлшний нөөц шаардлагатай байгаа тухай саналыг тус тус тавьлаа.

Богдын голын цахилгаан станцын 2017 оны төсөвт тусгагдсан дизель түлшний нөөц хугацаанаасаа эрт дуусах эрсдэл үүсчээ. Учир нь Улиастай, Мөрөн чиглэлийн төв шугам сүлжээнд засвар шинэчлэлт хийж байгаа нь Мөрөн хотоос эрчим хүч татдаг манай аймгийн хувьд дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх шаардлагатай болсон байна. Иймд Тайшир болон Богдын голын дизель станц, хоёр нөөцийн станцыг ажиллуулан цахилгаанаар хангаж байгаа юм. Ачаалал их байгаа тул говийн 6, хойд чиглэлийн 8 суманд өдрийн цагаар цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Өнөөдрийн байдлаар 230 мянган литр дизель түлшний нөөцтэй байгаа нь хэвийн нөхцөлөөр буюу нэг цахилгаан станцтай ажиллавал 50 хоногийн нөөц юм. Гэвч гурван станц зэрэг ажиллуулж байгаа учраас дизель түлшний нөөц дуусах эрсдэл үүссэн тул  750 сая төгрөгийн татаасыг богино хугацаанд  шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэрэв энэ хөрөнгө төсвийн тодотголоор шийдэгдвэл Завхан аймаг цахилгаан эрчим хүчний дутагдалгүй өвөлжих боломж бүрдэх юм.

 “Алтай-Улиастай” ТӨХК- иас 110/35/10кВ-ын Улиастай дэд станцыг 16 МВТ чадалтай трансформатороор  өргөтгөх ажлыг хийж байгаа юм байна. Одоогоор ажлын явц 95 хувьтай байгаа бөгөөд 11-р сарын 15 гэхэд тохируулгын ажлыг дуусгаж станцыг ажиллуулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний хязгаарлалтыг шийдэх боломжтой гэдгийг хэллээ. Мөн төвийн шугамаас хамгийн урт шугамаар эрчим хүчээ авдаг манай аймгийн хувьд байгаль цаг уурын хүнд нөхцөлд эрчим хүчний шугамуудад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд шуурхай завсарлах зорилгоор “Алтай-Улиастай” ТӨХК– ийн Завхан салбарт зориулалтын автомашиныг олгох хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-02 17:01:36