Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж эхлээд Завхан аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Ганбаатар байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Дараа нь аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллааг зохион байгуулахад Завхан аймгаас 73.5 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд албан байгууллагын дарга нар шуурхай ажилласныг хэллээ. Энэ үйл явдал Монголчууд бид бурхан тахилаа хоймортоо залдагтай нэгэн адил үеийн үед өвөг дээдсээс шүтэж, залбирч ирсэн Монгол түмний заяа буяныг дааж яваа хайрханыхаа орой дээр цаашид гарч болохгүй гэдгийг харууллаа. Түүхэн уламжлалаар тахилгын овооноос дээш эмэгтэй хүн гарахыг цээрлэдэг бол эрэгтэй хүн 50 нас хүрсний дараа Бадархундага дээр очдог байжээ. Тиймээс Завханчууд бид өөрсдөө түүх, уламжлалаа мэддэг байх, цаашлаад бусдад мэдээлэл өгөх тал дээр иргэн, байгууллага бүр тодорхой ажлууд санаачлан зохион байгуулах хэрэгтэй байгааг онцоллоо. Ослын дараа аймгаас 4 лам залж Очирвааний тахилга зохион байгуулж, байгаль дэлхий, уул усаа аргадаж, хүн зоноо ариусгасан бол энэ үйлийг ирэх хавар дахин зохион байгуулахаар төлөвлөжээ. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын захиргаа, аймгийн Цагдаагийн газар хамтран хайрхан дээр хүн гаргахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа шинээр томилогдсон сайдуудтай уулзаж салбар бүрт хийж буй ажлуудаа танилцуулсан байна.
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Эдийн засгийн хөтөлбөрийг Завхан аймагт хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Энэ хүрээнд тус байгууллагын Европын холбооноос санхүүжилттэй, Франц улсад төвтэй оффисоос төгсгөлийн шатны шалгаруулалтыг хийж байгааг хэллээ.
Аймгийн Засаг дарга БНЭнэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабутай дахин уулзаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. 2018 оны 01 сард Энэтхэг улсад болох хөгжим бүжгийн Олон улсын фестивальд Монгол улсаас оролцох 9 хүнийг Завхан аймгийн ХЖТеатраас оролцуулахаар болсон байна. Аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын 2017 оны ажлыг дүгнэж хамгийн өндөр оноо авсан 5 хүнийг 1-1,5 сарын хугацаатай БНЭнэтхэг улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах бол англи хэлний 10 багшийг англи хэл, компьютерийн хосолсон мэргэжлээр тус тус сургахаар болсныг дуулгалаа. Дараа жилээс харьяа агентлаг, төрийн өмчит компаниудын ажилтнуудыг суралцуулахаар төлөвлөжээ. Мөн бизнес эрхлэгчид ч борлуулалтын шинэ суваг нээх зорилгоор аймгийн ЗДТГазарт саналаа ирүүлж гадаадын улс орнуудаас туршлага судлах боломжтой юм. Бизнес бол сэтгэлгээний уралдаан учраас төрийн нээж өгсөн боломж, гарцуудыг ашиглан өрсөлдөж бизнесээ өргөжүүлэх учиртайг хэллээ.
“Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд 11-р сарын 7-10-ны өдрүүдэд “Багшийн сэтгэл хүүхдэд-2” багш, удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж баруун бүсийн сумдын сургуулийн бүх багш нар, 24 сумын 29 сургуулийн математик, физик, мэдээллийн технологийн багш нар оролцоно. Сургалтыг Улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургууль, Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулийн шилдэг багш нар удирдан зохион байгуулах юм. Мөн мэдээллийн технологийн мэргэжилнүүд Завхан аймагт ажиллаж Удирдлагын мэдээллийн системтэй болсноор цаашид багш нар онлайнаар мэдээллээ солилцож өдөр бүр суралцах боломж бүрдэнэ. Түүнчлэн багш нараа идэвхжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхижуулах ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгааг хэллээ.
МУ-ын Ерөнхий сайд 01 тоот Албан даалгавар гаргаж, үндсэн 5 чиглэлээр үүрэг өгснийг онцоллоо. 1-рт, Иргэндээ ээлтэй, хуулийн засаглалтай төрийн алба байх 2-рт, Авлигын хяналтыг сайжруулах 3-рт, Иргэдээ сонсож, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх 4-рт, Төрийн албаны үр ашгийг сайжруулах 5-рт, Бодлогын тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж байгаа албан байгууллагуудыг шагнаж урамшуулах бол хангалтгүй ажиллаж байгаа байгууллагуудтай хатуу хариуцлага тооцно гэдгээ аймгийн Засаг дарга энэ үеэр анхааруулж, төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарт дараах үүргийг өглөө. 1. Албан хаагч ээлжийн амралттай байх хугацаанд төрийн ажил зогсох ёсгүй. Иймд орлох хүнийг томилж ажиллуулдаг байх 2. Даваа гарагийн шуурхай хуралд албан байгууллагын дарга нар орлогчоо явуулах бус өөрийн биеэр оролцох 3. Хурлын ирцийн мэдээллийг харьяа яам, дээд шатны байгууллагат нь мэдээлдэг байх тогтолцоо руу шилжихийг аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнд үүрэг болголоо.
Аймгийн удирдлагуудын хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотод болох учраас албан байгууллагын дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө. 1. Шинэ сайдуудтай байгуулах гэрээнд оруулах саналыг 11 сарын 9-ны дотор өгөх 2. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд шинэ Засгийн газар онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд оруулах саналуудаа 11 сарын 15-ны дотор нэгтгэж өгөх 3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналаа 11 сарын 10-ны дотор тус тус ирүүлэхийг үүрэг болголоо.
Улиастай сумын төрийн албан хаагчид Аймгийн Засаг даргын ажлын тайлан, “Ард иргэдээ сонсох аян”-ыг 11 сарын сүүлээр 6 багт зохион байгуулах бөгөөд ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг Улиастай сумын ЗДТГазарт үүрэг болголоо.
Мөн 11 сарын 08-ны өдрөөс ЗГХЭГ болон АТГ-ын ажлын хэсэг Завхан аймагт ажиллахаар болсныг мэдэгдлээ.
Б.Оюун-Эрдэнэ