Завхан аймагт баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга юм. Барилгын ажил 2012 онд эхэлж 2 жилийн хугацаанд 3 тэрбум орчим төгрөгийн ажил хийгдсэн байдаг. Гэвч царцсан барилгын тоонд ороод байсан тус барилгыг дуусгахын тулд энэ жил орон нутагт дахин тендер шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч “LCB” ХХК өөрийн хөрөнгөөр 700 сая төгрөгийн барилга угсралтын ажлыг хийснээр нийт барилгын ажлын 40 орчим хувийг гүйцэтгээд байгаа юм. Харамсалтай нь 2017 оны төсвийн тодотголоор өгөх ёстой байсан 1 тэрбум төгрөг хасагдсан байна. Энэ асуудлыг шийдвэрлэх, бодит нөхцөл байдалтай танилцах зорилгоор УИХ-ын гишүүн З.Нарантуяа барилгын ажлын явцтай танилцлаа. Тэрээр хэлэхдээ: Бодит хийгдэж байгаа ажлуудыг дэмжих хэрэгтэй. Олон жилээр ужгирсан, бүтээн байгуулалтын эцсийн үр дүн гардаггүй, үрэлгэн зардал байх ёсгүй. Орон нутгийн иргэд ч ажил нь эрчимтэй үргэлжилж байгаа театрын барилгыг ашиглалтанд оруулахыг хүсч байна. 2018 онд хийх барилгын ажлын бодит өртөг 3,7 тэрбум төгрөг, дээрээс нь 2017 оны санхүүжилтээс хасагдсан 1 тэрбум төгрөгийг нэмээд энэ ажлыг эрчимжүүлэхгүй бол гэрээний хугацаанд дуусгаж амжихгүйд хүрээд байна. Тиймээс харъяа яам, орон нутаг гээд аль аль талаасаа маш сайн хяналт тавьж театрын барилгыг ашиглалтанд оруулахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Гүйцэтгэгч “LCB” ХХК орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байсан туршлагатай учраас ажиллах хүч, техник тоног төхөөрөмж хүрэлцээтэй, хөрөнгийн асуудал шийдэгдвэл гэрээт хугацаандаа дуусгаж ашиглалтанд өгөх бүрэн боломжтой гэдгийг хэлж байлаа. Барилгын ажлын явцад хөндлөнгийн аудитууд дүгнэлтээ гаргаснаас гадна орон нутгийн зүгээс ч хяналт тавьж гүйцэтгэгч компани, зураг төсвийн компани, захиалагч талуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Одоо тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол санхүүжилт юм. Тиймээс УИХ, БСШУСЯам, Сангийн яаманд тодорхой саналуудыг тавиад байна.
2012 онд 800 хүний суудалтай ХЖТеартын барилгыг нийтдээ 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсөв нь хийгджээ. Одоогоор 3.7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг хийгээд байна. Үлдсэн хөрөнгийг ирэх 2 жил улсын төсөвт суулгавал 2019 онд Завхан аймгийн ХЖТеатрын барилга ашиглалтанд орно.
Б.Оюун-Эрдэнэ