ЗАВХАН АЙМГИЙН 24 СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ ТАРИЛГЫН ЗӨӨВРИЙН ХАШААТАЙ БОЛЛОО
1677 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг "Сайн малчин" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Мерси кор ОУБ-тай хамтран ажиллаж 24 сумын мал эмнэлэгт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 25 ширхэг зөөврийн хашаа олголоо. Мал сүргийн тоо толгой жилээс жилд өсч байгаа энэ үед хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялгар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн чухал хөрөнгө оруулалт боллоо. Суурин хашаа руу малаа тууж тарилга туулгаа хийдэг байсан бол ийнхүү зөөврийн хашаатай болсноор малчдын төвлөрөл үүссэн газарт угсарч, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдээд байна.

Мерси Кор ОУБ-ын "Давах туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд хөтөлбөр" Завхан аймагт 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд мал аж ахуйн салбар, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой, тэр дундаа малын эрүүл мэндэд илүү анхаарч ажиллах юм байна. Энэхүү малын тарилгын зөөврийн нэг хашаанд 800-1000 мал хаших боломжтой ба нийтдээ 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бол Завхан аймгийн 8,8 мянган малчин өрх, 4,4 сая толгой малыг эрүүл байлгахад чиглэсэн үнэтэй хөрөнгө оруулалт болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.

Завхан аймгийн мал эмнэлгүүдэд ийнхүү 25 ширхэг тарилгын зөөврийн хашаа өгч материаллаг баазыг сайжруулсан нь мал сүргийг эрүүлжүүлэх, малын удмын санг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм.  

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-14 18:00:12