"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРОН НУТАГ-АРГА ЗҮЙ, САЙН ТУРШЛАГА" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
1703 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөр Завхан аймагт хэрэгжинэ. "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилга нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн үзэл баримтлал дээр суурилсан бөгөөд тухайн конвенц, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол улсын мянганы хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үр нөлөөгөөр хүүхдийн аж байдалд гарч буй өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тооцоход чиглэгдэх бөгөөд хүүхэд бүрийн эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Энэ хөтөлбөрийг 2012-2016 онд Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол 2017-2021 оны улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудыг сонгон авч хүүхдэд ээлтэй орон нутаг болоход нь дэмжлэг үзүүлэх, Хөвсгөл аймагт амжилттай туршигдсан сайн туршлагаас түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдэд ээлтэй орон нутаг-арга зүй, сайн туршлага" сургалтыг Завхан аймгийн бүх сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилгын хөтөлбөрийг аймаг, сумын удирдлагуудад танилцуулах, хүүхдэд ээлтэй засаглал, эрүүл мэнд, боловсрол, оролцоо, хамгааллын үйлчилгээний Хөвсгөл аймгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдэд ээлтэй аймаг болох арга зүйтэй болоход чиглэгдэж  байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтын үеэр "Хүүхдэд ээлтэй орон нутаг" санаачилга, түүний хэрэгжилт, арга зүй, үр дүнг танилцуулах, Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаглалын хариуцлага, оролцоо, хамтын ажиллагааны сайн загварыг танилцуулж, үйл ажиллагааны манлайллыг бий болгох, Хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хөгжил, оролцооны төлөөх үйл ажиллагааны арга, туршлагаас хуваалцах, Хүүхдэд ээлтэй орон нутаг бодлогын баримт бичиг боловсруулах шаардлагатай мэдээлэл, арга зүйг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. Сургалтыг НҮБ-ийн Хүүхдийн сангийн "Хүүхдэд ээллтэй орон" нутаг хөтөлбөрийн зөвлөх Б.Зоя, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга асан Г.Төмөрбаатар, Хүний гавьяат эмч, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга асан Л.Дамдинсүрэн, Хөвсгөл аймгийн ХГБЗХГ-ын дарга Ч.Дашбаяр нар удирдан зохион байгуулж Завхан аймгийн 24 сумын 130 гаруй удирдлагууд оролцож байна. Завхан аймаг хүүхдэд ээлтэй аймаг болох, цаашлаад хүндээ, ирээдүйдээ ээлтэй аймаг болох хөрс суурийг тавихад ирэх жилүүдэд хэрэгжих энэхүү “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр ихээхэн үр дүнгээ өгнө гэж харж байгаа юм. Цаашид зорилтот салбар бүрт ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна хувийн хэвшил, их дээд сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

2017-11-15 13:46:17