АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АХМАД БАГШ НАРАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2479 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс эх орон, аймаг орон нутгийн хөгжил дэвшлийг тодорхойлох үе үеийн боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж,  сэтгэл зүтгэл, мэдлэг оюунаа олон жил харамгүй зориулсан ахмад багш нарынхаа алтан сургаалийг хойч үеийнхэн бид цаг үргэлж сонсож, ажил амьдралдаа хэрэгжүүлж байх учиртай. “Завханчуудын хөгжил дэвшил” 2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих зорилгоор “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Эх орон, төрөлх нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачуудыг удирдан чиглүүлж, үлгэр дуурайлал үзүүлж буй багш нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн тулд  ахмад үеийнхээ арвин их туршлага, шилдэг арга барил, үнэт зөвлөгөө, сургамж , өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэхийг зорьж байгаа юм. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батсайхан ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан боловсролын салбарт оруулах тэдний үнэтэй санал, зөвлөгөөг сонслоо.

 

Цаашид ахмад багш нарынхаа санал дээр тулгуурлан тодорхой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэллээ. Мөн ахмад, дунд, залуу үеийн багш нарыг холбож, хамтран ажиллах чиглэлээр бодит ажлууд зохион байгуулахыг аймгийн Боловсрол соёл урлагийн газарт үүрэг болголоо.

 

 

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-27 12:28:17