АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД 12 ДУГААР САРЫГ “ЭРЧИМТЭЙ АЖЛЫН САР” БОЛГОН ЗАРЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
1045 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц Геронтологийн үндэсний төвөөс зохион байгуулсан ”Эрүүл насжилтын төлөө хамтдаа” үйл ажиллагааны талаар, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар аймгийн Засаг даргын 2017 оны А/28 тоот захирамжийг хэрэгжүүлэх “Хөдөлгөөн эрүүл мэнд” аяны хүрээнд Товцог ууланд зохион байгуулах аяллын тухай, аймгийн Цагдаагийн газраас авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргийн талаар тус тус мэдээлэл хийлээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн 7 хоногт өрнөсөн онцлох үйл явдлын талаар мэдээллээ. Тэрээр МУ-ын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу аймаг, нийслэлд зохион байгуулах ажлын талаар ярилцсан байна. Завхан аймгийн хувьд 24 сум, албан байгууллагууддаа Ерөнхий сайдын албан даалгавартай холбоотой үүрэг чиглэлийг хүргүүлээд байгаа юм.

12 дугаар сарын 04-ны өдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2018 оны төсөв, аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батлуулах бөгөөд 4 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Өөрөөр хэлбэл энэ жилийн Үндсэн чиглэл, төсвийн төслийг боловсруулахдаа 24 сумын иргэдийн саналыг авч тусгасан нь нээлттэй, олон нийтийн оролцоог хангаж чадсан гэдгээрээ онцлог байлаа. 2018 оны улсын төсөв эцэслэн батлагдаж боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллахаар болжээ. Ирэх жил улсын хэмжээнд 82 сургууль, 127 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөснөөс Завхан аймагт ч олон сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэгдэнэ. Мөн сумын Эрүүл мэндийн төвүүдийн төсөв нэмэгдэж, сумын ЗДТГ-ын төсөвт өөрчлөлт орж байгаа бол оюутны сургалтын төлбөрийн зээлийг банкаар бус Сургалтын төрийн сангаар дамжуулан олгохоор болсон байна. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлж нийтийг хамарсан түр ажлын байр бий болгоход зарцуулах тухай чиглэл өгчээ.

Бүтээн байгуулалтуудын тендерийг 2018 оны 01 дүгээр сард багтаан зарлаж, 03 сарын 01 гэхэд сонгон шалгаруулалтуудыг дуусгах ёстойг хэллээ. Үргэлжлүүлэн тендертэй холбоотой санал хүсэлтийг  хүлээн авч 2018 оны 04 сарын 01-ээс бүх барилгын ажлууд эхэлсэн байх хэрэгтэй. Тиймээс албан байгууллагууд улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудынхаа зураг, төсөв, газрын асуудлаа яаралтай тодорхой болгох шаардлагатайг санууллаа. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар ОНХС, орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдэх учраас ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлуудаа 12 дугаар сард багтаан цэгцлэх үүрэг өглөө.

 

2018-2021 онд хэрэгжүүлэх МУ-ын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр батлахаар төлөвлөсөн тул энэ хөтөлбөрт тусгах саналуудаа боловсруулж 12 сарын 01-ны дотор аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэхийг үүрэг болголоо.

 

Завхан аймаг газар нутгийнхаа 15.1 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан ба цаашид тусгай хамгаалалтанд авах газар нутгийн хэмжээг нэмэгдүүлснээр олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс сум, албан байгууллагууд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийх хэрэгтэйг хэллээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт 7 сумын 30 багт үлийн цагаан оготнотой тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бол байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нэгдсэн зөвлөгөөн хийсэн байна. 11-р сарын 25-ны өдөр “Аймгийн Засаг даргын ажлын тайлан, ард иргэдээ сонсох аян”-ыг Улиастай хотын 6 багт зохион байгуулж 1000 гаруй иргэдэд мэдээлэл өглөө. Энэ үйл ажиллагаанд бүх албан байгууллагын дарга оролцох ёстой хэдий ч зарим байгууллагууд оролцоогүй байна. Ирэх оноос албан байгууллагуудын ажлыг ард иргэдээр дүгнүүлдэг тогтолцоо руу шилжинэ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг ард иргэдийн үнэлгээн дээр тулгуурлан дүгнэх  учраас дарга нар иргэдээ сонсож, иргэдтэйгээ ойр байх ёстойг санууллаа.

 

Хүнээ хөгжүүлэхийн тулд багш, хүүхдээс гадна эцэг эхтэйгээ хамтарч ажиллах зорилгоор 24 сумд эцэг эхийн зөвлөгөөн зохион байгуулсан юм. Мөн ахмад багш нарынхаа туршлага, арга барил, өв соёлоос залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Цаашид ахмад, дунд, залуу үеийн холбоог хангах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг БСУГ-т үүрэг болгожээ.

 

Төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу төрийн байгууллагын дарга нар хэрхэн бага зардлаар үр дүнтэй ажлууд хийх тухай сэтгэл гаргаж, оюунаа зарцуулахаас илүүтэйгээр өрийн мэдээлэл цуглуулагч болж хувирсан байна. Менежер хүн байгууллагынхаа төсвийн менежментийг зөв хийх хэрэгтэй,  мэргэжилтний түвшинд сэтгэх ёсгүй. Тиймээс оны эцэст өртэй гарсан төсвийн захирагч нартай хатуу хариуцлага тооцно гэдгийг аймгийн Засаг дарга анхаарууллаа. Цаашид Үндсэн чиглэлд тусгах ажлыг өмнөх оны үр дүнг харгалзан хуваарилалт хийдэг тогтолцоо руу шилжих юм.

Албан байгууллага  бүр 12 дугаар сарыг “Эрчимтэй ажлын сар” болгон зарлаж, сарын хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлан биелэлтийг тооцож ажиллахыг үүрэг болголоо. Энэ нь 2017 оны ажил бүрэн биелэх, 2018 оны төлөвлөгөөгөө тодорхойлох давуу талтай юм.

 

Хэлтэс, агентлагууд аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны гэрээний биелэлт, шинэ гэрээний төсөлд тусгах саналаа 2018 оны 01 дүгээр сард багтааж өгөх, 12 дугаар  сарын 04-нд болох аймгийн ИТХ-ын хуралдаанд бүх албан байгууллагын дарга оролцож байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой асуултанд хариулахад бэлэн байхыг тус тус үүрэг болголоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-27 15:27:22