ЗАВХАН АЙМГИЙН 7 СУМ ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАХ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
3600 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 40 мянган га талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний хүрээнд 64 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгууллаа. Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа болон 2018 онд малын тэжээл тариалах сумдын судалгааг үндэслэн хамгийн их тархалттай байгаа Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Шилүүстэй сумын 30 багт үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжүүдийг гардуулж бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардлагатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн чадавхийг бүрдүүллээ.

Энэхүү үлий утагч төхөөрөмж нь 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн нэгээр шалгарсан Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга, түүний шавь нарын бүтээл юм. О.Баттулга багш үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд энэхүү төхөөрөмж нь аргал, хомоолын утаагаар утах зориулалттай, бензин шатахуун хэрэглэдэггүй, эдийн засгийн хэмнэлттэй бүтээл гэдгийг онцолж байлаа.

Мөн үлийн цагаан оготныг олноор нь устгах давуу талтай үлий цөмлөгч төхөөрөмжийг олголоо. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглан цаашид орон нутгийн санхүүжилтээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэнэ.

Энэ үеэр сонгогдсон 7 сумын Засаг дарга, багийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сургалт зохион байгууллаа. Мөн сумдын ажлын тайланг сонсож, мэдээлэл солилцсон бөгөөд аймгийн Засаг дарга Д.Батсайхан тодорхой үүрэг, чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

2017-11-30 20:10:26