ЗАВХАН АЙМАГ ИРГЭДИЙНХЭЭ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРНА
2344 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ард иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажиллах зорилгоор Завхан аймагт үйл ажиллагаагаа явуулж буй банкны захирлуудтай “Өглөөний цай” уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд иргэд рүү чиглэсэн  хэд хэдэн бодит ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд санхүүгийн анхан шатны боловсрол олгох зорилгоор 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл уралдаан зохион байгуулж 06 дугаар сарын 01-ний өдөр шалгарсан хүүхдүүдийг шагнаж урамшуулах бол 12 дугаар ангийн сурагчдад тэтгэлэг олгохоор боллоо. Мөн Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лизингийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, банкууд Цэнгэлдэх хороолол буюу Town house-д орон сууцны зээл олгох боломжийг судалж дэмжлэг үзүүлэх, “Иргэдээ сонсох аян”-ы хүрээнд сард нэг удаа харилцагчаа сонсдог байх, Нэг цонхны үйлчилгээг өргөжүүлж банкууд үйл ажиллагаагаа явуулдаг болох зэрэг шийдэлд хүрлээ.

Аймгийн Засаг дарга хөдөөгийн багийн дарга нарыг баг дээрээ ажиллахыг үүрэг болгосонтой холбогдуулан банкууд иргэдээс багийн Засаг даргын тодорхойлолт авдаг асуудлыг зогсоохоор боллоо. Мөн бүтэн өнчин хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх, амьдралд нь гэрэлт ирээдүй бэлэглэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилсан “Бүтэн зүрх” хөдөлгөөнд банкууд нэгдэхээр болсон юм. Энэхүү “Өглөөний цай” уулзалт, ярилцлагыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

2017-12-01 15:19:07