АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
1179 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 9 асуудал хэлэлцлээ. Аймгийн боловсролын салбарыг 2017-2021 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр, “Сайн оюутан” дэд хөтөлбөрийг Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Сарангэрэл хэлэлцүүллээ. Аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөрт  6 настай хүүхдийн асаргаа, сувилгааны талаар нэмэлт өөрчлөлт оруулж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Харин “Сайн оюутан” дэд хөтөлбөр өмнөх хувилбараасаа чанартай болсныг сайшааж мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахаар тогтлоо.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Саранчимэг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” дэд хөтөлбөрийг хэлэлцүүлсэн юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс сургуулийн орчинд зарж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр стандарт тогтоож өгөх, улаан хальст сармисын тариалалтыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажил зохион байгуулах зэрэг нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэйг хэллээ.

“Өрнөх хөгжил сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжав Завхан аймгийн усны аюулгүй байдлыг хангах 2018-2020 оны төлөвлөгөөг хэлэлцүүлсэн юм. Төлөвлөгөөнд ундны усны аюулгүй байдлыг хангах бодит шинэчлэлийн ажлуудыг тодорхой тусгах, орон нутгийн хэвлэл  мэдээллийн хэрэгслүүдээр сургалт сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулах, өрх бүрт ундны цэвэр усыг хүргэх зорилт дэвшүүлэх, ундны усны эх үүсвэр, булаг шандыг хамгаалах талаар тодорхой ажил зохион байгуулахаар төлөвлөх зэрэг саналуудыг тусган төлөвлөгөөг дахин боловсруулж ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны биелэлт, Аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг тус тус хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд хэлэлцэн зөвлөмж өгч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар тогтлоо.

 

Мөн Аймгийн автотээврийн төвийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Статистикийн хэлтсийн даргын сонсголыг тус тус хэлэлцэн цаашид ажлаа эрчимжүүлж, үйл ажиллагаагаа цаг хугацаанд нь чанартай зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-11-30 18:18:47