Монгол хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж, гэр бүл хүүхдийн хөгжлийн асуудалд салбарын байгууллагуудын анхаарлыг хандуулах, Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх, гэр бүл, хүүхэд, багшийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Завхан аймаг анх удаа “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хүнээ хөгжүүлэхэд багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагаа нэн чухал юм. Завхан аймгийн хувьд багш, хүүхдийнхээ хөгжилд чиглэсэн багагүй ажлыг зохион байгуулж эхэлсэн бол цаашид эцэг эхчүүдийн оролцоог дэмжсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж 24 суманд нэгэн зэрэг эцэг эхчүүдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Д.Батсайхан нээж хэлсэн үгэндээ хүүхдийн эрдэм боловсрол, төлөвшил, ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл гарган хамтран ажиллаж байгаа эцэг эхчүүд бол хүүхдийн хөгжлийн гол түшиг тулгуур гэдгийг онцлоод хүүхэд багачуудын боловсролын талаар хэрэгжүүлж буй ажлаасаа товч мэдээлэл хийж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Улиастай хотод зохион байгуулсан зөвлөгөөнд 420 төлөөлөгч оролцсон бөгөөд есөн цэцэрлэгийн хүүхэд багачууд эцэг эхчүүддээ урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Энэ үеэр БСУГ-ын дарга С.Ганчимэг “Цахим ертөнц ба хэрэглээ”, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн үндэсний сургагч багш Т.Энхсайхан “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо”, “Хүүхдийг хөгжүүлэх эерэг аргууд”, Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч Л.Өлзийжаргал “Хүүхдийн эрх хамгаалал” сэдвээр тус тус мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа. Мөн эцэг эхчүүдийн дунд ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан уриалга гаргаж төр, иргэний нийгмийн байгууллагууд, сум, сургуулийн эцэг эхийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо. Гэр бүл-эцэг эхчүүддээ хандан ургийн бичиг хөтөлж Монгол хүний удмын санг хадгалах уламжлалт ёс заншлаа дээдэлсэн гэр бүл болцгооё, хүүхдээ сонсон хайрлан хүндэлж, хамтдаа хөгжицгөөе, хүүхдийнхээ төлөө гэр бүлийн гишүүн бүр эрүүл байцгаая, бага насны хүүхдийг хараа хяналтгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахгүй байх тухай уриалгыг гаргалаа. Харин төр захиргааны байгууллагын удирдах ажилтнуудад хандан албан байгууллага бүр сард нэг удаа хүүхдээ сонсох өдөртэй болох, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эцэг эх, олон нийтийн оролцоо хариуцлагыг ажлын нэг үзүүлэлт болгон үнэлж, эцэг эхийн хүүхэдтэйгээ ажиллах боломжийг бүрдүүлэхийг уриаллаа.
Мөн энэ үеэр хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байгаа 9 эцэг эхийн төлөөлөлд гарын бэлэг гардуулж алдаршууллаа. “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөгөөнийг цаашид жил бүр уламжлал болгон шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Оюун-Эрдэнэ