Завхан аймаг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн 78 дугаар тогтоолоор "Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт" дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд тулгамдаж буй хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Хууль зүй дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
"Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг"-ийн хүрээнд Улиастай сумын баг тус бүрээс нийгмийн идэвхтэй 6 иргэнийг сонгож Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинээр ашиглалтанд орсон цагдан хорих байрыг танилцууллаа.
Энэ үеэр эрх зүйн мэдээлэл хайх, олж авах, эрх зүйн байдлаа хамгаалах боломж бололцоог нэмэгдүүлэх талаар иргэдэд тусалалцаа дэмжлэг үзүүлснээс гадна үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өглөө. Мөн УИХ-аас шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилах ажлыг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагааг Баруун бүсийн худалдааны төв дээр зохион байгуулсан бол 12 дугаар сарын 13-ны өдөр 10:30 цагаас 16:00 цагийн хооронд Төрийн банкны байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний эрхийг хангах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлд төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, эрх зүйн сургалт, сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ