Хүн бүр өөрийгөө дайчлаад хөдөлмөрлөж чадвал хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ч үйлдвэрлэл эрхлээд сайхан амьдарч болдгийн тод жишээг харуулж яваа Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн иргэн Б.Лхагвасүрэн, Шилүүстэй сумын иргэн Н.Мөнхтөр нарыг энэхүү сурвалжлагаараа онцолж байна.
Шилүүстэй сумын иргэн Б.Лхагвасүрэн 2013 оноос тасралтгүй 5 дахь жилдээ цэвэр модон тавилганы цех ажиллуулж 2 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Аймгийн төв болон зэргэлдээ сумууд, Улаанбаатар хотоос захиалга тасардаггүй гэнэ. Хамгийн гол нь цэвэр модоор, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн хийхийг зорьдог гэдгээ тэрээр хэлж байлаа.
Одоогоор өөрийн гэсэн байргүй, сүүлийн үеийн суурин тоног төхөөрөмж дутагдалтай байгаа ч цаашид ажлын байраа өргөжүүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, ажлын байрны тоогоо ч нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор Отгон суманд мужааны мэргэжлээр төгсөж ирсэн мэргэжилтэй ажилтан байхгүй байгаа юм. Тиймээс энэ чиглэлээр суралцаж төгсөөд сум орон нутагтаа ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангана гэдгийг хэлж байна.
Шилүүстэй сумын иргэн Н.Мөнхтөр мөн л 2013 оноос хойш явган хүний замын хавтан,бродюр, блок, тоосгоны үйлдвэрлэл явуулж 4 хүн ажлын байраар хангаж байна. Сумын айлууд байшин барилга, граш, өвөлжөө зэргээ нутагтаа үйлдвэрлэсэн эдгээр блокоор барихаас гадна орон нутгийн удирдлагууд нь ч дэмжиж ажилладаг байна. Тэрээр мөн гагнуур хийдэг бөгөөд цэцэлэгийн хайс, сумынхаа айл өрхүүдийн дааман хаалгыг хямд өртгөөр өнгө үзэмжтэй үйлдвэрлээд эхэлжээ.
Н.Мөнхтөр сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авснаар үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ. Эргэн төлөлтөө дуусгаад энэ онд дахин 8 сая төгрөгийн зээл авсан байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөвөл 7-8 хүнийг ажлын байраар хангах боломжтойг хэлж байлаа. Эднийх зах зээлийн ханшнаас хямд өртгөөр буюу өнгөлгөөний тоосгыг 500 төг, даацын блокыг 1500 төгрөгөөр чанартай үйлдвэрлэдэг ажээ.
Хэдийгээр Шилүүстэй суманд сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт сайнгүй байгаа ч аль болох энэ мэт үр дүнтэй үйлдвэрлэл явуулж байгаа иргэдээ дэмжиж зээл олгохыг зорьж байгаа гэнэ. Энэ онд 60.4 сая төгрөгийг төвлөрүүлж 26 иргэнд зээл олгосноос хамгийн өндөр буюу 8 сая төгрөгийн зээлийг Н.Мөнхтөр гуай авчээ. Шилүүстэй сум цаашид ч сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах тал дээр анхаарч баялаг бүтээгчдээ дэмжихээр төлөвлөжээ.
Б.Оюун-Эрдэнэ