“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийг Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Франц улс дахь салбар, Европын холбооны 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Монгол улсад, тэр дундаа орон нутагт анх удаа 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. ИНБ-уудыг чадавхижуулах, орон нутгийн хөгжилд оруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төслийг нээж, оролцогч талууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Дэлхийн Зөн Франц ОУБ-ын хөтөлбөрийн ажилтан Эмилий Вежинел, санхүүгийн ажилтан Майкл Лиард, ДЗМОУБ-ын үйл ажиллагааны захирал Дорана Хавиер, ДЗМОУБ-ын санхүү, захиргаа хариуцсан захирал Ц.Отгонзаяа, ДЗМОУБ-ын баруун бүсийн удирдагч Ц.Амгалан, ДЗМОУБ-ын хөрөнгө бүрдүүлэлтийн хэлтсийн ажилтан П.Байгальмаа, тусгай төслүүд хариуцсан санхүүгийн ажилтан Н.Ганчимэг, Завхан салбарын ажилчид, аймгийн удирдлууд, ИНБ-уудын төлөөлөл, иргэд оролцлоо.
Дэлхийн Зөн Франц ОУБ-ын хөтөлбөрийн ажилтан Эмилий Вежинел хэлэхдээ: “Завхан аймагт маш олон өрсөлдөгч байсан. Ялангуяа төслийн эхний шатанд өрсөлдөгчид хүчтэй байлаа. Харин 2 дахь шатанд өрсөлдөгчдийн тоо харьцангуй буурсан боловч илүү нарийвчлалтай асуулт ирэх, тодорхой мэдээллийг богино хугацаанд донорт өгөх хэрэгтэй болсон гэх мэт олон асуудал тулгарсан ч Дэлхийн Зөн Франц, Дэлхийн Зөн Монгол, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан маш сайн хамтран ажилласны үр дүнд бид төслөө амжилттай бичиж, санхүүжилтээ авах болсондоо баяртай байна” гэлээ. Мөн тэрээр Европын холбоо маш олон чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг том донор байгууллага. Энэ бол 2014 оноос эхэлсэн ИНБ-ууд, орон нутгийн засаг захиргааны хамтарсан шинэ хөтөлбөр юм. Төсөл хэрэгжих 12 сумын иргэд бусад сум, аймгуудад сайн жишээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Төсөл Завхан аймгийн зорилтот 12 суманд хэрэгжих бөгөөд орон нутгийн 20 ИНБ, эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамарсан туслалцаа дэмжлэг шаардлагатай 150 өрх, 60 үйлдвэрлэгч, эмзэг өрхийн 100 залуус, хамгийн багадаа 20.000 хүн буюу нийт хүн амын 40 орчим хувь төслийн үр шимийг хүртэнэ. ИНБ-ууд болон төрийн байгууллагууд хамтран орон нутгийн бичил бизнес, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн болон үндэсний зах зээлд гаргах зорилт тавиад байна. Энэ нь “ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ”-т шилжих зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Завхан аймагт томоохон хөрөнгө оруулалт болж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэхдээ: Таамаглалын эдийн засгаас тооцооллын эдийн засагт шилжих гүүр болсон чухал төслийг Завхан аймаг нээж байгаадаа баяртай байна. Энэ төслийг олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд 9 сарын хугацаанд бичиж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөж шалгарлаа. Төсөл хэрэгжсэнээр бизнес эрхлэгчид нэмэгдэж, Завхан аймгийн эдийн засгийн өсөлт хөгжилтөнд тодорхой хувь нэмэр оруулж, өрх бүрийн орлого нэмэгдсэн тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн төслийн хүрээнд зохион байгуулах мэргэжил олгох сургалтууд нь залуучууд болон эмэгтэйчүүдийг орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд нь туслах юм. Орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих энэхүү төслийг Дэлхийн Зөн Монгол, Дэлхийн Зөн Франц ОУБ-ууд Завхан аймгийн ЗДТГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбар, бусад ИНБ-ууд хамтран хэрэгжүүлнэ.
Б.Оюун-Эрдэнэ