ЗАВХАН АЙМАГ ТӨРИЙН АЖЛЫГ АРД ИРГЭДЭЭРЭЭ ҮНЭЛҮҮЛДЭГ БОЛЛОО
743 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Төрийн алба" бол ард түмэндээ үйлчилдэг "Үйлчилгээний байгууллага" юм. Тиймээс төрийн ажлыг аливаа албан тушаалтан бус ард иргэд өөрсдөө үнэлдэг тогтолцоо руу Завхан аймаг шилжиж байна. "Төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлэх, иргэдээ сонсох аян"-ыг 2018 оны 01 сарын 2-оос 14-ны өдрүүдэд 24 суманд зохион байгууллаа. 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 5 чиглэлд ажиллаж нэг суманд 500-аас дээш өрхөөр орж иргэдийнхээ санал бодлыг сонссон юм. Энэхүү үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр, иргэний уялдаа холбоог хангах, иргэн төвтэй төрийн тогтолцоог бий болгох зорилготой юм. "Төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлэх, иргэдээ сонсох аян"-ы ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөл, Санхүүгийн хяналт аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ахмад төрийн албан хаагчийн төлөөлөл багтан ажиллалаа.

Завхан аймаг төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээллийг шуурхай солилцох зорилгоор төрийн албан хаагч бүр 3-5 айл өрхийг хариуцан иргэдийн санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллаж байна. Аяны хүрээнд "Аймгийн Засаг дарга ард иргэдээ сонсож байна" хайрцаг байрлуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа. Мөн ажлын хэсгийнхэн МУ-ын Засгийн газар, аймаг орон нутгийн бодлого шийдвэр сумын түвшинд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Сумынхаа төрийн ажлыг үнэлсэн иргэдийн үнэлгээг 24 сумын Засаг дарга нарыг оролцуулан Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Хуралдаанаас МУ-ын ЗГ-ын 89-р тогтоол болон иргэдийн үнэлгээгээр тухайн сумын ажлыг дүгнэх, хамгийн сайн ажилласан сумдыг урамшуулах,  муу ажилласан сумдад хариуцлага хүлээлгэх, иргэдээс ирсэн санал хүсэлтэнд албан ёсоор хариу өгөх, нийтлэг гарч буй зөрчил дутагдлыг арилгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр боллоо. Харин босоо удирдлагатай төрийн байгууллагат өгсөн иргэдийн үнэлгээг холбогдох дээд шатны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Завхан аймаг 2018 оныг "Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан удирдах ажилтны зөвлөгөөнийг 3 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-01-18 02:41:14