Завхан аймаг "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих" зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дөрвөлжин сумын 17 эмэгтэй нэгдэж өнгөрсөн оны 5 дугаар сард Политехник коллежийн оёдлын багш нараас 14 хоногийн сургалт авснаар “Дөрвөлжин урлан” нөхөрлөлийг байгуулжээ. Тэд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авч эсгий, зөөлөн оёдол, гар урлал, гутлын 4 цехэд тус бүр 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар сумынхаа иргэдээс захиалга авч үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Тухайлбал зөөлөн оёдлын цех 4 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ба давхар оёдолтой гэрийн дотуур, гадуур цагаан бүрээс, хөнжлийн углаа даавуу, хувцас захиалга, засвар зэрэг сумынхаа иргэдэд хэрэгцээтэй оёдлын бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэнэ.
“Дөрвөлжин урлан” нөхөрлөл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг зуны амралтаар нь ажлын байраар хангадаг байна. Тэд бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарлаа хандуулдаг бөгөөд гэрийн цагаан бүрээсэндээ хамгийн багадаа 3 жилийн баталгаа өгдөг ажээ. Цаашид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөтгөвөл олон төрлийн оёдол хийхээс гадна аймгийн хэмжээний гэрийн цагаан бүрээсийн эрэлтийг хангаж олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах боломжтой гэдгийг хэлж байлаа. Эмэгтэйчүүд энэ оны эхээр дахин 14 хоногийн сургалтанд хамрагдаж монгол, европ загварын төрөл бүрийн хувцасыг захиалгаар хийж эхэлнэ. Тиймээс эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж чадвал үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм байна.
Б.Оюун-Эрдэнэ