АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД АЖИЛЛАЛАА
838 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн зун Завхан аймгийн гантай, гандуу байсан сумдад өвөлжилт хүндэрч 8 сум цагаан зудтай, 7 сум зудархуу байна. Ялангуяа  Ургамал, Дөрвөлжин, Завханмандал суманд  өвөлжилт нэлээд хүндрээд байна. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрч байгаа 11 сумын 30 гаруй багийн малчидтай уулзаж, аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээл хүргэж өгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу малчид энэ өвлийн өвс тэжээлийн нөөцөө харьцангуй сайн базаажээ. Гэвч өнгөрсөн зун нийт нутгийн 50 хувь нь гантай, газрын гарц муу байсны улмаас хамар хатгах өвсгүй болж хотондоо бэлтгэсэн өвс тэжээлээ дууссан  гэдгийг хэлж байна. Мөн ихэнх сумын нөөц дууссан учраас аймаг аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 465 тн тэжээл, 214 тн өвснөөс эхний ээлжинд өвөлжилт хүндэрсэн сумдын малчны хотонд 92 тн өвс үнэгүй, 275 тн тэжээлийг хямдралтай үнээр хүргэж өглөө. Аймгийн Засаг даргын нөөц сангаас эдгээр сумын эргэлтийн эмийн санд тус бүр 1 сая төгрөгийн эм, тариаг үнэгүй олголоо.

Мөн Тосонцэнгэл сумаас "Завхан АЗЗА" ХХК-ийн автогридердийг гаргаж хойд чиглэлийн сумдын төв зам Баруун давааг нээсэн бол Баянтэс, Тэс, Асгат сумын чиглэлд далпуу татаж хаагдсан замуудыг нээлээ.

Цаг хүндэрсэн энэ үед аймгийн удирдлагууд малчдынхаа нөхцөл байдалтай танилцаж, санал бодлыг нь сонсож өвс тэжээлийг хотонд нь хүргэж өгч байгаад малчид талархлаа илэрхийлж байсан юм. Монгол улсын ЗГ-ын шийдвэрээр малчид өвс тэжээлийг ноосны урамшуулал болон махаар сольж авах боломжтой болж Завхан аймагт Нисэх агро, НSM компаниуд шалгарч тогтоосон тарифын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-01-19 07:58:07