Завхан аймаг 24 сумын 115 багийнхаа малчдын санал хүсэлтэнд тулгуурлан "Сайн малчин" хөтөлбөр боловсруулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд малчид руугаа чиглэсэн олон шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал "Ногоон алт" төсөлтэй хамтран баг бүрээс малчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулахаас гадна мал аж ахуйн салбараа амжилттай хөгжүүлж байгаа Өвөрмонголын өөртөө засах орны малчдын арга туршлагаас судлах аялалыг зохион байгуулна. Энэхүү аялалд сум бүрээс санаачилгатай ажиллаж байгаа 2-оос доошгүй малчныг оролцуулах бөгөөд малчид шинэ санаа авах, цаашлаад хэрэгтэй тоног төхөөрөмжөө худалдан авч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.
Мөн малчдын 6 настай хүүхдийн "Гэр өргөө"-г сум бүрийн сургуулийн дотуур байранд байгуулна. Өөрөөр хэлбэл 24 цагийн турш сургалт хүмүүжилд нь анхаарал тавих асрагч багштай, хоол ундтай, хүүхэд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх орчинг бүрдүүлнэ. Ингэснээр малчид 6 настай хүүхдээ дагаж 2 талд амьдрахгүйгээр мал аж ахуйн салбартаа анхаарлаа хандуулах боломжтой болох юм.
Б.Оюун-Эрдэнэ