Өнгөрсөн онд Завхан аймгийн ОНХС-ийн хөрөнгө өмнөх жилүүдтэй харьцуулахад 3 дахин бага байсан хэдий ч иргэдрүүгээ чиглэсэн тодорхой, үр дүнтэй ажлуудыг хийлээ. Тухайлбал хөдөөгийн иргэд, малчдын харилцаа холбоог сайжруулах зорилгоор Жи-мобайлын сүлжээг өргөтгөх зорилт тавьж Идэр сумын Бөхөн шарын нуруу, Алдархаан сумын Алаг уул, Их-Уул сумын Гүнгийн оройд Жи-мобайлын дахин дамжуулах станцийг суурилууллаа. Алдархаан сумын Алаг уулын орой дээр дахин дамжуулан станцтай болсноор зөвхөн тус сумын иргэд ч бус тойргийн бүсийн 7 сумын 10 гаруй багийн иргэдийн холбоо харилцаа сайжирлаа. Тус станцийг барихад ОНХС-аас 65 сая төгрөг зарцуулсан бол Их-Уул сумын Гүнгийн орой дахь станцид ОНХС-аас 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэгч компани 1 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмж суурилууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, малчдаас гадна тус станцийн үр шимийг хүртэж байгаа тойргийн сумдын удирдлагууд оролцож чухал хөрөнгө оруулалт болсныг онцоллоо.
Малчдад хамгийн тохиромжтой нь 2G сүлжээ бөгөөд сүлжээний тархац өндөр, 60-85 км-т барьдаг аж. Ийнхүү Завхан аймгийн хөдөөгийн иргэд, малчдын харилцаа холбоо сайжирсаар байна.
Б.Оюун-Эрдэнэ