ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД "БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД-3" БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
727 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аливаа улс, орон нутгийн хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг. Тиймээс Завхан аймаг ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурагчдынхаа сурлагын амжилтыг ахиулахад онцгойлон анхаарч "Сайн багш" хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хүнийхээ хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд хийхийг зорьж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах замаар сурагчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилт тавиад байгаа юм. "Сайн багш" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил "Багшийн сэтгэл хүүхдэд" багш, удирдах ажилтны сургалтыг Улсын тэргүүний "Сант", нийслэлийн тэргүүний "Шинэ үе" бүрэн дунд сургуулиудтай хамтран зохион байгуулсан юм. Тэгвэл энэ удаад "Багшийн сэтгэл хүүхдэд" 3 дахь удаагийн багш, удирдах ажилтны сургалтыг МУБИС-тай хамтран Тосонцэнгэл суманд 3 өдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан, доктор, профессор Раднаасүмбэрэлийн Гончигдорж, МУБИС төгсөгчдийн холбооны тэргүүн, боловсрол судлалын доктор профессор Д.Мөнхжаргал, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БСУГ-ын дарга С.Ганчимэг,  сумын удирдлагууд, багш нар оролцлоо. Энэ үеэр доктор, профессор Р. Гончигдорж хэлэхдээ: "Багшийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, улмаар Завханы хүүхдүүд мэдлэг чадвартай, зөв төлөвшсөн, зөв дадал зуршил, ёс суртахуунтай болж байгаад баяртай байна.  Монгол Улсын Их Хурал "Багшийн хөгжлийн тухай" хууль хэлэлцэж байгаа энэ үед Завхан аймаг аль хэдийнэ "Сайн багш" хөтөлбөрөөрөө дамжуулан энэ хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн нь сайшаалтай" хэмээн онцоллоо.

"Багшийн сэтгэл хүүхдэд-3" багш, удирдах ажилтны сургалтанд 454 багш, удирдах ажилтан хамрагдлаа. Энэ удаад зөвхөн оюуны хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран багш нараа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрууллаа.

 

Завхан аймаг "Сайн багш" хөтөлбөрийнхөө хүрээнд багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилтыг нь үнэлэх, урамшуулах олон ажлыг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, сайн багш нараа малжуулах, газартай болгох, сурагч нь ЭЕШ-нд 800 оноо авсан багшийг 800.000 төгрөгөөр, улсын олимпиадаас алтан медаль авсан сурагчийн багшийг 10 сая төгрөгөөр шагнах зэрэг шийдвэрүүдийг гаргаад байна.

 

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-01-25 10:27:04