Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж байгаа Завхан аймаг 2017 оны 09 дүгээр сард Эрдэнэт хоттой хамтран ажиллах гэрээг үзэглэсэн билээ. 100 орчим мянган хүн амтай МУ-ын төвийн бүсийн тулгуур хотын нэг Орхон аймагт Завхан аймгийн харьяат 20 орчим мянган хүн оршин суудаг. Тиймээс брэнд бүтээгдэхүүнээ нутгийнхаа уугуул иргэдэд хүргэх, сурталчилан таниулах, өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор "Завхан бренд" үзэсгэлэн худалдааг Эрдэнэт хотын Соёлын ордонд 01 сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж 24 сумын үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
Завхан аймаг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин ажилласны үр дүнд өрхийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оноос 20 хувиар өслөө. Цаашид Улаанбаатар хот болон гадны зах зээл дээр аймгийнхаа брэндийг сурталчилах олон үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Завхан аймаг ийнхүү малын гаралтай түүхий эд болон байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг ашиглан бренд бүтээлүүдээ үйлдвэрлэж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байна. Цаашид өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилтын хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 2,3 тэрбум төгрөгийн эдийн засгийн тусгай төслийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Б.Оюун-Эрдэнэ