Өнөөдөр дэлхий нийтээрээ ногоон хот буюу эко хотыг хэрхэн бий болгох тухай ярьж байгаа энэ үед Завхан аймаг бүх сумаа эко ногоон сум болгох эхлэлийг тавилаа. 2017 оны 9 дүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батсайхан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу 36 хүнийг цэцэрлэгжүүлэгч мэргэжлээр байр, хоол, сургалтын төлбөргүйгээр сургаж байна. Завхан аймаг энэ жилээс "Миний гоё сум" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд 24 сумын төлөөлөл болох суралцагчид ирэх хавар мэргэжлийн диплом үнэмлэхтэй төгсөж, сум бүртээ ногоон байгууламжийг бий болгох юм.
"Миний гоё сум" төслийн хүрээнд албан байгууллага, сум бүр ногоон байгууламжийн мэргэжилтэнтэй болсноор хавар, намрын улиралд мод тарих үеэр арчилгаа тордолгоог хариуцах, нутгийн иргэд, хүүхэд багачуудад зааж сургах юм. Тиймээс сум бүрийн төлөөлөл сумаа ногоон болгох, эко орчин бүрдүүлэх зорилго өвөртлөн суралцаж байгаагаа хэлж байлаа.
Эдгээр 36 суралцагчдын 2 нь зөгийний аж ахуйн чиглэлээр суралцаж байна. Тэд сургуулиа төгсөөд Завхан аймагт анх удаагаа зөгийн аж ахуйг хөгжүүлж, завхан брендийг бий болгохоор зорьжээ. Төслийн хүрээнд залуучууд ажлын байртай болж, өрхийн амьжиргаа дээшлэхээс гадна өрх бүр, албан байгууллага бүр, цаашлаад сум бүр ногоон байгууламжтай болох боломж бүрдэнэ.
Мод тарих, ногоон байгууламжийг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулахын тулд мэргэжилтнүүдээ бэлтгэх шаардлагатай. Тиймээс 60 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-д Завхан аймгаас суралцаж буй эдгээр иргэд Завхан нутгаа ногоон аймаг болгох хариуцлагатай үүрийг хүлээж байна.
Б.Оюун-Эрдэнэ