МУ-ын ЗГ-ын гишүүн, шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингөөр ахлуулсан “Шуурхай бүлэг” Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг Тосонцэнгэл суманд зохион байгууллаа. Хурлын үеэр аймгийн ОБГ-ын дарга Ө.Болд Завхан аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, орон нутгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Мөн шийдвэрлүүлэх шаардлагатай санал хүсэлтүүдийг уламжилсан юм. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчлэх, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Их-Уул сумын хяналтын постыг 3 сар сунгаж ажиллуулахад шаардлагатай 31 сая төгрөгийн асуудлыг тус тус газар дээр нь шийдвэрлэж өглөө. Мөн аймгийн ХХААГазарт 18 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмжийн “Батламж” гардууллаа.
Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Завхан аймаг өнгөрсөн жил малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд онцгой сайн анхаарч ажилласныг сайшаалаа. МУ-ын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 8000 тн өвс үнэгүй, 6500 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гаргаснаас Завхан аймагт 850 тн өвс үнэгүй, 1150 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ. Мөн Дөрвөлжин, Тосонцэнгэл, Яруу суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин гардууллаа.
Б.Оюун-Эрдэнэ