"ТҮМЭН ТОСОН" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.АМАРЖАРГАЛ: ХОНИНЫ НООСООР ИМПОРТ ОРЛОХ "ХҮННҮ" ЭСГИЙ ГУТЛЫГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
1801 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тосонцэнгэл суманд эсгий, эсгий урлалын бүтээгдэхүүн, тэр дундаа "Хүннү" эсгий гутал үйлдвэрлэж буй "Түмэн Тосон" ХХК-ийн захирал Ч.Амаржаргалтай ярилцлаа.

 

Танай компани эсгий урлалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

 

2017 оны 07 сард манай аймагт болсон "Нүүдэлчдийн соёлын наадам"-д оролцохоор Улаанбаатар хотоос багш урьж, анхныхаа бүтээлүүдийг хийж эхэлсэн. Улмаар сум, аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавьж 15 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бизнесийн олон салбараас яагаад энэ салбарыг сонгох болов?

 

Миний хувьд бүтэн нэг жилийн туршид судалгаа хийсэн. Маш олон сургалтанд сууж өөрийгөө бэлтгэлээ. Эцэст нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулбал боломж их байгааг олж харсан. Нөгөө талаас дэлхий нийтээрээ эко бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг болсон энэ цаг үед Монгол уламжлалт аргуудаараа  ноос, сарлагийн хөөврөө боловсруулан бүтээгдэхүүн хийвэл Монголоос гадна дэлхийн зах зээлд гаргах боломжтой гэж харж байгаа. Тиймээс эхний ээлжинд багштайгаа хамтран аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг гаргах зорилт тавьж нэгдүгээрт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ширмэл ширдгийг Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох, хоёрдугаарт, эсгийгээр цааны годон гутлыг орлох бүтээгдэхүүн хийх томоохон зорилго тавьж "Хүннү" гутлаа үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлээд байна.

 

Өөрөөр хэлбэл шавхагдашгүй нөөцөө ашиглаад орон нутагтаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн үг шүү дээ?

 

Монголчууд бид ноосоо түүхийгээр нь гадны зах зээлд гаргадаг. Судалгаанаас харахад бид 1 кг ноосыг 500 төгрөгөөр борлуулдаг бол буцаагаад БНХАУ-аас 1 кг ноосыг 100.000 төгрөгөөр худалдан авч байна. Өөрөөр хэлбэл гадны орнууд манай түүхий ноосыг боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эргээд Монголчуудад худалддаг. Гэтэл бид өөрсдөө яагаад ийм бүтээгдэхүүн хийж болохгүй гэж. Манай компани хүн бүрийн хийдэг зүйлийг биш, ноосоор гайхамшигтай бүтээгдэхүүн хийж болдог гэдгийг харуулахыг зорьж "Хүннү" гутлаа үйлдвэрлэж байна.

 

Завхан аймаг 2018 онд ноос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэр ашиглалтанд орсноор олон давуу талууд бий болно гэж харж байна?

 

Тэгэлгүй яахав. Орон нутагтаа ноос боловсруулах үйлдвэртэй болвол нэгдүгээрт, ажлын байр нэмэгдэнэ, хоёрдугаарт, түүхийгээр нь 500 төгрөгөөр өгдөг байсан ноосоо гадны зах зээлд үнэтэй борлуулах боломж бүрдэнэ. Малчдын амьдрал ахуйд ч хэрэгтэй хөрөнгө оруулалт болно. Ноос боловсруулах үйлдвэртэй болсноор олон үйлдвэрлэгчдийн түүхий эдийн хэрэгцээг хангах боломжтой.

 

Хүннү эсгий гутал бол годон гутлыг орлох бүтээгдэхүүн гэдгийг та хэлж байна, бүтээгдэхүүнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл өгөөч?

 

"Хүннү" эсгий гутлыг үйлдвэрлэхэд хялгасыг нь ялгасан 700 грамм цэвэр хонины ноос ордог. Эсгий, малын ширэн уллагаатай. Бид цааны годон гутлыг 700 мянга орчим төгрөгөөр худалдаж авдаг. Тэр хэрээрээ бидний валют гадны зах зээлрүү урсаж байна. Гадагшаа гарч байгаа мөнгөн урсгалыг бид орон нутагтаа үлдээх ёстой. Тэгвэл годон гуталтай дүйцэхүйц чанартай гутлыг бид үйлдвэрлэж чадаж байна. Манай гутал бол амьтны амь таслаагүй, малын гаралтай түүхий эдээр хийсэн цэвэр эко бүтээгдэхүүн юм. Машины оёдол ороогүй, дан гар аргаар  үндэсний өв соёл, уламжлалаа шингээн урласан, маш хөнгөн, дулаахан. Том хүний гутал уллагаатай 500 грамм, хүүхдийн гутал 200-300 грамм жинтэй. Манай монголчууд эрт дээр үеэс хагас ээтэн хоншоортой, Хүннү загварын гутлыг өмсөж ирсэн учраас гутлаа "Хүннү" гэж нэрлэсэн. Эсгийгээ нэг ч химийн бодис оруулахгүйгээр уламжлалт Монгол аргыг ашиглан боловсруулж байгаагаараа давуу талтай юм.

 

 Хүннү эсгий гутлыг хэрхэн арчлах вэ, эдэлгээний хувьд ямар байх вэ?

 

Хонины ноосон бүтээгдэхүүн эдэлгээ сайтай байдаг. Саяхан Хүннүгийн булшнаас эсгий гарч ирсэн тухай мэдээлэл сонслоо. Тэгэхээр энэ гутлыг хэдэн үеэрээ дамжин өмсөх боломжтой олон жилийн эдэлгээ даах бүтээгдэхүүн юм. Цэвэрлэгээний хувьд угаалгын нунтагтай усаар арчих, эсвэл давсалсан цасаар үрэх, хөнгөн сойтгоор цэвэрлэх гэх мэт маш энгийн аргуудтай..

 

 Хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ?

 

100 хувь гар аргаар үйлдвэрлэж байгаа "Хүннү" эсгий гутлыг хийхэд маш олон хүний хүч хөдөлмөр ордог. Тэгвэл гадны зах зээлээс 700.000 төгрөгөөр гутал авахын оронд дотоодынхоо түүхий эд бүтээгдэхүүнээр үндэсний өв уламжлалаа шингээн урласан чанартай, хөнгөн, дулаахан гутлаа бид мөн 700.000 төгрөгөөр, хүүхдийн гутлыг 250.000 төгрөгөөр хэрэглэгчдэд санал болгож байгаа. Магадгүй эсгий гутал үнэтэй байна гэж хэлж болох ч өмсөж, эдэлж үзсэн хүн энэ үнийг хүлээн зөвшөөрдөг. Цаашид орон нутагт ноос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орвол мэдээж бүтээгдэхүүний үнэ буурах давуу талтай.

 

Бүтээгдэхүүнээ захиалгаар үйлдвэрлэдэг үү?

 

Тиймээ, Бид захиалгаа бараг гүйцэхгүй байна. Дөрвөн удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Одоо Өвөр Монголын Хөх хотод болох үзэсгэлэн худалдаанд оролцохыг зорьж байна. Эсгий гутлаас гадна уламжлалт тоглоом наадгай, эсгий шаахай, малгай, улавч, хөрөг зураг, ширмэл ширдэг зэргийг үйлдвэрлэж байна. Захиалгаа 9009-9077 утсаар авч байгаа.

 

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Завхан аймгийн брэнд "Хүннү" эсгий гутал МУ-ын төдийгүй гадаадын олон орны зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн болохын ерөөл өргөе.

 

Баярлалаа

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-02-09 16:00:40