ЗАВХАН АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 9, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН 1, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ 1 ТӨРЛӨӨ
1233 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Улиран өнгөрч буй тахиа жилд Завхан аймаг мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж түүхэндээ анх удаа 3.6 сая толгой мал тоолууллаа. Малын тоо толгой өсч, ашиг шим сайжрахын хэрээр аварга малчид олноор төрсөн амжилт арвинтай сайхан жил байлаа. Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, буянт мал сүргийнхээ чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа “Монгол Улсын аварга малчин”-аар Цэцэн-Уул сумын малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргаз сумын малчин Арьхадын Баасандорж, Түдэвтэй сумын малчин Банзрагчийн Амаржаргал, Нөмрөг сумын малчин Дэндэвийн Тойвгоо, Их-Уул сумын малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын малчин Чойсүрэнгийн Алтансүх, Баянтэс сумын малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын малчин Лхүнрэвийн Төмөр-Очир, Завханмандал сумын малчин Лувсан-Очирын Сосорбарам нар шалгарлаа.

Энэ жил улсын хэмжээнд буянт малынхаа ашиг шимийг арвижуулж, хүн ардынхаа хүнсний хэрэгцээнд онцгой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан аварга саальчин 9 төрсний нэг нь Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү байлаа. Орон нутагтаа тариалангийн үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгон хөгжүүлж, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн тариаланч Ядамын Банзрагч энэ жил Улсын аварга тариаланчаар шалгарсан амжилтыг үзүүллээ. Ийнхүү Завхан аймаг 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон Нохой жилийг арван нэгэн “Улсын аварга”-тай угтлаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-02-15 14:43:07