Завхан аймаг 9000 гаруй малчин өрхтэй. Нийт малчин өрхийн 1 хүрэхгүй хувь нь буюу 90 малчин мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрдэнэт мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа Нохой жилийн босгон дээр “Аймгийн аварга малчин”-ы болзол хангалаа. Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн аймгийн аварга малчдадаа Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа өвөрт бэлчиж буй таван хошуу малын дүрс бүхий цом бэлэглэдэг болсон билээ. Мал аж ахуйн салбарын амжилт бол гэр бүлийн амжилт юм. Тиймээс ачааны хүндийг хамтдаа үүрэлцэж яваа гэргийд нь мөн энэ жилээс Аймгийн аварга малчны энгэрийн тэмдэг олгодог боллоо. Энэ жил “Аймгийн аварга тэмээчин”-ээр Ургамал сумын Тосгуур багийн тэмээчин Баасайн Занабаяр, “Аймгийн аварга тариаланч”-аар Улиастай сумын Товцог багийн тариаланч Балжиннямын Жаргалсайхан, Цэрэнгийн Жанчив, Идэр сумын Цэцэрлэг багийн тариаланч Өлзийдамирангийн Ишханд нар шалгарсан бол аймгийн “Алдарт уяач”-аар 30 уяач тодорлоо.