УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өөрийн сонгогдсон тойргийнхоо 13 сумын 4000 гаруй иргэдтэй уулзаж УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчилан таниулахаас гадна хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай биечлэн танилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Иргэд, малчдын зүгээс орон нутагт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад анхаарах, хөнгөлөлттэй эмийн нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр анхаарах зэрэг саналуудыг тавилаа. Мөн Завхан аймгийн зам даваа сайжирч, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, иргэдээ сонсдог болж байгаад талархлаа илэрхийлж байлаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тусгайлан уулзаж санал хүсэлтийг нь сонссоноос гадна сумдын төрийн захиргааны байгууллагын ажилтай танилцаж тодорхой үүрэг чиглэл өглөө. Мөн сумдын хөрөнгө оруулалт шаардлагатай объектуудтай танилцаж цаашид тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр өвөлжилт хүндэрсэн зарим суманд орон нутгийн удирдлага, нутгийн зөвлөлүүдтэй хамтран 350 тн өвс, тэжээлийг малчдадаа үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.