АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.БЯМБАДОРЖ: ТӨРИЙН АЖЛЫГ ИРГЭДЭЭРЭЭ ҮНЭЛҮҮЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
1195 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг болсон. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулав?

 

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлэх, иргэдээ сонсох аян”-ыг 2018 оны 01 сард 5 ажлын хэсэг  зохион байгуулж 24 сумын 16,000 айл өрхөөр орж төрийн байгууллагуудын ажлыг үнэлүүлж, тэднийг сонсож ажиллалаа. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн болон туршлагатай ахмад төрийн албан хаагдчид сумдын төрийн албан хаагчдад ёс зүй, харилцаа хандлага, бичиг хэргийн стандартын тал дээр зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Аймгийн Засаг даргын удирдамжаар төрийн мэдээллийг хурдан  шуурхай хүргэх, иргэдтэйгээ ойр ажиллах, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор төрийн албан хаагчдад айл өрхүүдийг хариуцуулан ажиллуулахаар шийдвэрлэж сум бүр хуваариа гарган Засаг даргын захирамжаараа батлуулан хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчид  хэрхэн ажиллаж байгаад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хяналт тавин ажиллаж байна.

 

Тахиа жилийн шилдгүүдээ ямар шалгуур үзүүлэлтийг харгалзан тодруулав?

 

Аймгийн засаг даргын А/274-р захирамжаар баталсан Нутгийн захиргааны байгууллагад хяналт шинжилгээ үнэлгээ хийж дүгнэх журам болон иргэдийн үнэлгээгээр тэргүүний сум, баг,  хэлтэс агентлагаа шалгарууллаа. Өнгөрсөн оны ажлынхаа үр дүнгээр 24 сумаас Сонгино сум тэргүүн байр, Нөмрөг сум 2-р байр, Тэлмэн сум 3 дугаар байрт шалгарлаа. Агентлагуудаас Хүнс, Хөдөө Аж Ахуйн газар тэргүүн байр, Орон нутгийн өмчийн газар 2 дугаар байр, Онцгой байдлын газар 3 дугаар байр эзэллээ. 115 багаас Тосонцэнгэл сумын Хайрхан баг нэгдүгээр байр, Баянхайрхан сумын Асгат баг 2-р байр, Эрдэнэхайрхан сумын Баяннуур баг, Цагаанчулуут сумын Дэлгэр баг тус тус 3-р байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.Тэргүүлсэн сум, баг, агентлагт ололт амжилт, тэргүүн туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан ажлууд их байлаа. Тухайлбал, Сонгино, Тэлмэн, Нөмрөг сум хяналт шинжилгээ үнэлгээний мөрөөр дотоод ажлаа сайжруулснаас гадна багаар ажиллах чадвар сайн,  иргэдийн үнэлгээгээрээ тэргүүлсэн сумууд юм. Хүнс, хөдөө аж ахуйн газрын дотоод ажил, бичиг хэрэг сайжирсан, улсдаа ажлын үзүүлэлтээрээ 2 дугаар байранд орлоо. Орон нутгийн өмчийн газар тендерийг ил тод нээлттэй болгох тал дээр анхаарч, Онцгой байдлын газар бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, ажилтнуудынхаа шинэ байрыг ашиглалтанд оруулснаас гадна байгууллагынхаа тохижилтыг дотоод нөөц бололцоогоо ашиглан сайжруулж ажилласан байна. Эрдэнэхайрхан сумын Баяннуур баг үндсэн үйл ажиллагаагаа биелүүлэхээс гадна “Нүүдэлчдийн соёлын наадам” аялал жуулчлалын арга хэмжээг Улаагчны Хар нуур дээр зохион байгуулахад санаачилгатай ажилласан,  Цагаанчулуут сумын Дэлгэр баг өвөлжилт хүнд байсан ч өөр сум, аймгийн отрын малчдыг өвөлжүүлж тус хүргэсэн гээд олон сайн туршлагууд байна.

 

Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах талаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

Завхан аймаг 2018 оныг “Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг сайжруулах жил” болгон зарласан. Аймгийн Засаг даргын санаачилсан төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмыг мөрдөж өдөр тутамдаа ажил амьдралдаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ нь Хариуцлагатай байх, Хүнд сурталгүй байх, Иргэдтэйгээ ойр байж тэдний санаа бодлыг сонсдог байх, Шударга, авлигаас ангид байх, Төрийн залгамж халааг хадгалах, Багаар ажиллах, Манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, Шуурхай, цаг хугацааг баримтлах, Гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих зарчмууд юм. Эдгээр зарчмуудыг байгууллагын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд оруулж, төрийн албыг шинэ түвшинд гаргахыг зорьж, хариуцлагыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

2018-02-20 09:40:08