“Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд Иргэний Нийгмийн Байгууллагуудын оруулах хувь нэмрийн нэмэгдүүлэх нь” төслийг Завхан аймаг дэлхийн 4 томоохон шалгаруулалтанд орж тэнцсэнээр Европын холбооны 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 4 жилийн хугацаанд зорилтот 12 суманд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 01 сарын 18-ны өдөр зохион байгуулсан билээ. Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах ИНБ-уудыг сонгох, чадавхижуулах шаардлагатай салбарыг тодорхойлох зорилгоор Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 43 ИНБ-ын удирдлага, гишүүдийн төлөөлөл 100 хүн оролцсон “Төсөл танилцуулах уулзалт, ярилцлага“-ыг зохион байгууллаа. Уулзалт ярилцлагын үеэр төслийн багийн гишүүд дэлгэрэнгүй танилцуулга хийж, ИНБ-уудын санал хүсэлтийг сонслоо. Мөн ИНБ-уудын талаар суурь мэдээлэл баазтай болох, сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор 58 асуултаар дэлгэрэнгүй судалгаа авч, хамтран ажиллагч аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэл өглөө.
Орон нутгийн эдийн засаг, стратеги төлөвлөлтөнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө аргачлал”-ын дагуу 2 өдрийн сургалтыг тусгай хөтөлбөрөөр зохион байгууллаа. Энэ сургалтанд ИНБ-ын төлөөлөл 65 иргэн идэвхитэй оролцож, ИДХҮН аргачлалыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан юм. Цаашид ИДХҮН аргачлалыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд зорилтот 12 суманд 24 хүнийг сургагч багшаар бэлтгэж, улмаар орон нутгийн иргэд аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон орон нутгийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, гүйцэтгэлээ сайжруулахад нөлөөлөх чадвартай болох юм.
Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилгоор Консорциум буюу төслийн баг, аймгийн ЗДТГазар, МЭХолбооны Завхан аймаг дахь салбарын гишүүд уулзалт зохион байгууллаа.