Юуны өмнө шилдэг агентлагаар шалгарсан танай хамт олонд баяр хүргэе. Өнгөрсөн онд Завхан аймгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарсан ахиц, дэвшил юу байв, ямар шинэлэг ажил санаачлан зохион байгуулав?
Баярлалаа. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан амжилтаараа улсад дэд байр эзэлсэн бол орон нутгаас дэвшүүлсэн зорилтыг ханган ажиллаж ард иргэдийн үнэлгээгээр аймгийн Тэргүүний агентлагаар шалгарлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 115 багийн малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийнхээ саналд тулгуурлан “Сайн малчин” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “ЗАВХАНЫ УЛААН ХАЛЬСТ САРМИС” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Алдархаан сумдын тариаланчидтай “Улаан хальст сармисны үр үржүүлэх” гэрээ байгуулан ажиллаж 5,3 га талбайд улаан хальст сармис тариалснаар 18.7 тн ургац хураан авлаа. “Загасан нүд Загастай” ХХК хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэх чиглэлээр төсөл боловсруулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 505.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж аймагтаа анх удаа өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлж эхлээд байна. Ингэснээр хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, жилийн туршид хэрэглэгчдэд шинэ ногоо нийлүүлэх боломж бүрдэж байна. Хөдөө Аж Ахуйн Марктенг төслийн хүрээнд Цэцэн-Уул, Яруу, Отгон сумдын МЭҮТасаг, МЭҮҮ-ний нэгжүүдэд 11-н мотоцикль олгосноор дуудлага үйлчилгээг малчдад хөнгөн шуурхай хүргэх боломжоор хангагдлаа.
Завхан аймаг мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутаг болоход танай байгууллага маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ямар тохиолдлууд дээр хэрхэн ажиллав? Урьдчилан сэргийлэх чиглэлээр авсан арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгвөл?
Завхан аймгийн хэмжээнд 2017 онд халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх арга хэмжээнд 1252,8 мал хамрагдахаас 1252,7 мянган мал, Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 682,0 мал хамрагдахаас 673,4 мал хамрагдлаа.
Мал амьтны гоц халдварт өвчин гараагүй тайван байдлаа хадгалан ажиллаж байна. Өнгөрсөн онд мал амьтны гоц халдварт өвчин гарсан Сүхбаатар, Төв аймгуудаас Тэлмэн, Цагаанхайрхан Сонгино сумдад хээлтүүлэгч хуц, ухна, сүүний чиглэлийн үхэр худалдагдан ирснийг яаралтай тусгаарлан лабораторийн шинжилгээнд хамруулж, гоц халдварт өвчний үүсгэгч илэрсэн 6 үхэр, 8 хуцыг устган ариутгал халдваргүйжүүлэлтийг яаралтай авсны үр дүнд гоц халдварт өвчин тархахаас сэргийлж чадлаа. Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд сумдын мал эмнэлэг үржлийн тасгуудын мэргэжилтнүүдээр дамжуулан малчдад гоц халдварт өвчнөөс сэргийлэх заавар зөвлөмжийг байнга хүргүүлж, өвчний эрсдэл бүхий аймгуудаас мал амьтан, түүхий эд бүтээгдэхүүн, өвс тэжээл худалдан авахгүй байх талаар үүрэг чиглэл өгч хариуцлагыг сайжруулан ажиллалаа. Мөн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газруудтай хамтран 2017 оны 12 сараас эхлэн Их-уул сумын Солонготын даваанд мал эмнэлгийн хяналтын түр цэгийг байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Мерси кор ОУБ-тай хамтран малын зөөврийн хашааны техникийн тодорхойлолтыг стандартын дагуу хийж малын эмч нарыг эдэлгээ сайтай зөөврийн хашаатай болгосон нь үр дүнтэй ажил боллоо.
Салбарынхаа бодлогыг тодорхойлох томоохон зөвлөгөөн, сургалт семинар зохион байгуулав уу, Үр дүн нь юу байв?
Өнгөрсөн онд “Мал аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн”-ийг зохион байгуулж салбарынхаа бодлого зорилтыг тодорхойлон ажиллалаа. Зөвлөгөөнд сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн 130 гаруй мэргэжилтнүүд оролцож аймаг, сум орон нутгийн хөгжил дэвшилд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн оролцоо чухал бөгөөд тухайн салбарт тулгамдаж байгаа асуудалтай тууштай тэмцэх нь хөгжлийн гарц мөн гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч 9 чиглэлээр ”Уриалга” гарган ажиллалаа. Мөн Улаанбаатар хотоос зөвлөх эмч Сугир, малын эмч, доктор С.Лхагвасүрэн нарыг урьж мал эмнэлэг үржлийн үйлчилгээний нэгжүүдийн малын эмч нарт “Малын гоц халдварт өвчнийг оношлох, дээж материал авах” дадлага ажилд суурилсан сургалтыг зохион байгууллаа.Түүнчлэн аймгийн “Газар тариалан эрхлэгчид”-ийн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан, Завханхангай ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд сумдын МЭҮТасгийн БГТХЖДҮҮХариуцсан мэргэжилтэн, өрхийн тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэн нийт 80 хүнийг хамруулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангалаа. Улаанбаатар хотод болсон “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-нд Улиастай, Тэс, Идэр сумдын тариаланчдын төлөөлөл оролцлоо.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллав, одоо хаваржилтын нөхцөл байдал ямар байна ?
МУ-ын Засгийн газрын 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 07-р сарын 19-ны өдрийн А/295 тоот захирамжаар аймгийн хэмжээнд мал аж ахуй, төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллах хоёр ажлын хэсгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулж ажиллалаа. “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар гарч аймаг, сумдад хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгууллаа. Нийт нутгийн 75,0 хувь нь гантай, гандуу байсан хэдий ч аймгийн нөөцөд 224 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1216,3 тн өвс, 415 тн тэжээл бэлтгэлээ. Зөвхөн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, уст цэг засварлахад аймаг хөгжүүлэх сангаас 100,0 сая, Засгийн газрын нөөц сангаас 50,0 сая, улсын төсвийн тодотголоор 229,7 сая төгрөг нийтдээ 369,7 сая төгрөг зарцууллаа. Аймгийн хэмжээнд инженерийн хийцтэй 6 худаг шинээр гаргаж, 5 худгийг гүйцээн барьж ашиглалтад оруулсан бол 2 худгийг засварласнаар шинээр 19,5 мянган га малын бэлчээрийг усжуулах боломжийг бүрдүүллээ. Улсын төсвийн 64 сая төгрөгийн хөрөнгөөр Шилүүстэй, Идэр, Тэлмэн, Тэс, Баянтэс, Сонгино, Цэцэн-Уул сумдын 40,0 мянган га бэлчээрт цайвар үлийч оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж, үлий утагч, үлий цөмлөгч зэрэг техник тоног төхөөрөмжөөр хангаад байна. Хаваржилтын нөхцөл байдал Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумдад хүнд хэвээр байна. Өдөр уртасч, цаг дулаарч байгаа хэдий ч эдгээр сумдад зун ган болсноос мал туранхай, бэлчээрт өвсгүйн улмаас мал өлдөх байдлаар хүндрэл учирсаар байна. Бусад суманд мал хаваржилт онцгой хэмжээнд хүндрээгүй, төл хүлээн авахад бэлэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Отрын бүс нутагт хэчнээн малчин байна, тэдэнд хэрхэн анхаарал тавьж байна вэ?
Аймгийн хэмжээнд 9,1 мянган малчин өрхөд 3,6 сая мал хаваржиж байгаагаас таван чиглэлээр отор нүүдэл хийж байна. Хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Увс аймагт 115 өрх, 71,7 мянган мал, Дархан цаазат болон тусгай хамгаалалттай бүс нутагт 89 өрх, 69,2 мянган мал, Хилийн зурвас нутагт 74 өрх 18,1 мянган мал, Отрын бүс нутагт 51 өрх, 55,3 мянган мал, аймаг дотроо бусад сумын нутагт 465 өрх 262,0 мянган мал отроор өвөлжиж ,хаваржиж байна. Отроор өвөлжиж буй малчдыг сум орон нутгаас 2 удаа, аймгаас 1 удаа эргэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй 2 ажлын хэсэг сум, багийн малчдад явуулын амбулаториор үйлчилгээ үзүүллээ. Отроор явсан өрхүүд нутагтаа ирж байгаа тул мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж байна.
2018 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа онцолбол?
Юуны түрүүнд мал амьтны гоц халдварт өвчин гараагүй аймаг статусаа хадгалах зорилт тавин ажиллана. Хуурай сүү, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, цехийг байгуулахаар төлөвлөж байна. “Хүнсний ногоо” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна аймгийн хэмжээнд 200 гаруй аж ахуй нэгжийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулна. Малчдын чуулга уулзалт, Өвөр Монголоос туршлага судлах аялал, Нүүдэлчдийн соёлын наадам зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн 5-аас доошгүй инженерийн хийцтэй худаг гаргаж, 50,0 мянган га бэлчээрт цайвар үлийч оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Б.Оюун-Эрдэнэ