Оюутан залуучууд бол ирээдүйд Завхан аймгийн хөгжлийг тодорхойлох гол хүч юм. Тиймээс залуучуудаа дэмжих, оюутнуудынхаа сурч боловсрох нөхцөл бололцоог хангах, Завхан аймгийн хөгжилд оюутны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сайн оюутан” хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Завхан аймагт сурч буй оюутнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулан баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүрийн хавар “Завхан хөгжлийн шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Мөн шинээр оюутан болж Улаанбаатар хотод очиж буй залуучуудаа чиглүүлэх, тэдний суралцах арга барилд зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хичээл сонголт, оюутны бэлтгэл ажлыг хангахад нь туслах зорилгоор аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрамдалд намраа үдье” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Түүнчлэн аймгийн Засаг даргын нэрэмжит ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ-ийг энэ жилээс эхлэн олгоно. Тэтгэлгийг Улаанбаатар хот болон Завхан аймагт суралцаж буй оюутнуудын дунд 2 ангиллаар зохион байгуулж жил бүр 25 оюутанд олгохоор шийдвэрлэлээ. Ангилал тус бүрт сурлагын амжилтыг шалгуур үзүүлэлт болгохоос гадна хамгийн бага орлоготой өрхийн хамгийн өндөр сурлагатай хүүхдийг шалгаруулж тэтгэлэг олгоно. Мөн оюутнуудаа хөгжүүлэх, бие даан суралцах нөхцөл бололцоог нь хангах, хөдөлмөрийн зах зээл дэх өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Залуучууд оюутны хөгжлийн төвтэй хамтран төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Оюун-Эрдэнэ