“ГЭР БҮЛИЙН СУДАЛГАА, БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” ТББ-ЫН ЗАХИРАЛ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Б.ОЮУН-ЭРДЭНЭ: ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БОЛ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ДАРХЛАА ЮМ
6613 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн 13 суманд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй “Гэр бүлийн судалгаа, боловсролын үндэсний хүрээлэн” ТББ-ийн захирал, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд гэр бүлд тулгамдаж буй асуудал ямар түвшинд байна вэ?

 

Судалгаанаас үзвэл хотод төвлөрөл нэмэгдэх, хөдөөд хүн ам сийрэгших, ураг төрлийн харилцаа хөндийрөх, цус ойртох, гэр бүлийн гишүүдийн үүрэг, эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөх, бэлгийн харилцаанд эрт орох, гэр бүл салах, хараа хяналтгүй хүүхэд нэмэгдэх, шүүхээр шийдвэрлэсэн гэр бүлийн эрх зүйн маргаан өсч байна.

Хамгийн ноцтой асуудал нь гэр бүлийн хүчирхийлэл, таагүй харилцаанаас болж хүүхэд сэтгэл зүйн дарамтанд орох, хайр халамжаар дутах, тайван эрүүл орчинд сурч хөгжих, аж төрөх үндсэн эрх нь зөрчигдөж, ээж ааваасаа тусдаа амьдардаг тавиул хүүхдүүд нэмэгдэж байна.

Манай улсад гэр бүлийн асуудал хариуцсан төрийн тогтолцоо бий болсон ч гэр бүлд тохиолдсон бодит асуудлыг шийдвэрлэхэд нь үр дүнтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй, бодлого тодорхой бус, салбар хоорондын уялдаа байхгүй байна. Гэр бүлийн сэтгэл зүй, гэр бүлийн харилцааны чиглэлээр туслалцаа үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн боловсон хүчин дутмаг  сургалт мэдээлэл хүргэх тогтолцоо төлөвшөөгүй байна.

Дэлхийн ихэнх улс орнууд өсвөр үеийнхэн болон залуусыг гэрлэлтэнд бэлтгэх сургалтыг албан ёсны сургалтын тогтолцоондоо багтаан оруулсан байхаас гадна гэр бүлийн сөрөг асуудлыг бууруулахын тулд иргэддээ гэр бүлийн боловсрол олгодог төвүүдийг олноор байгуулсан байдаг. Тогтвортой гэр бүлийг дэмжих эдийн засаг, эрх зүй, сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хангаж, гэр бүлийг дэмжих үйл ажиллагааг гэрлэгчдэд адил, тэгш хүртээмжтэй, ил тод хэрэгжүүлэх асуудал олон улсын түвшинд голлох боллоо.  

 

Хөдөө орон нутгаас анх удаа Завхан аймагт “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Шалтгаан нь юу байв?

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өөрийн сонгогдсон тойрогтоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачилж судалгаа, сургалт мэдээлэл, ном гарын авлагаар хангахад хамтран ажиллах санал тавьсан. Энэ саналыг сонсоод гэр бүл судлаач хүний хувьд талархан хүлээж авсан. Учир нь гэр бүл бол төр улсын үндэс учраас гэр бүл, хүүхдийн асуудал манай улсын ирээдүй, тусгаар тогтнолын дархлаа юм.  Олон хүн гэр бүлийн асуудал ярихаас зайлсхийдэг, тулга тойрсон жижиг асуудал гэж ойлгодог. Харин Я.Санжмятав гишүүн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал  бол хөгжлийн маш том концевци гэдгийг олж харсанд талархаж байна.

Эцэг эхийн харилцаа хандлага, хүүхдээ хүмүүжүүлэх арга барил, гэр бүлд тогтсон дэг жаяг, хүүхдэдээ үлгэрлэх байдал, эцэг эхийн үйл хөдлөл, гэр бүлийн орчин нөхцөлд хүүхдийн оюун ухаан дасан зохицож, хүүхдийн хөгжил хэрхэн явагдах, хэн болох нь шийдвэрлэгддэг. Монголчууд сайн хүний үр сүүт гүүний унага гэж хэлэлцдэг дээ. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж “Жаргалтай гэр бүл” номыг бид  гаргасан. Энэхүү ном Ханьсаж амьдрах хамтын заяа, Сэтгэл жаргааж хайр бялхаах үрийн заяа, Ураг батжиж ухаан саруулжих удмын заяа, Саруул сайхан эрүүл байх насны заяа, Амьдрал тэтгэх буян заяа гэсэн 5 бүлэгтэй бөгөөд гэр бүлийн амьдрал, өдөр тутмын ахуй нөхцөлд хэрэгтэй зөвлөмж, мэдээллийг багтаасан 16,6 хэвлэлийн хуудас бүхий багагүй ном болсон. Ном сумдад тараагдсан байгаа. Мөн гишүүний сонгогдсон тойргийн 13 суманд “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл сургалт хийх анхны 66 сургагч багшийг Тосонцэнгэл суманд 40 цагийн сургалтаар бэлтгэсэн. Эдгээр сургагч багш нар орон нутгийнхаа  удирдлага, хамтарсан багийнхантай хамтарч гэр бүлийн үнэ цэнэ, эрүүл тогтвортой байдлыг бий болгох, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр сургалт үйлчилгээг зохион байгуулах юм. “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр нь хүчирхийлэлгүй, халуун дулаан уур амьсгалтай, хүүхдийн инээд хөөр цалгилсан аз жаргалтай амьдралыг цогцлооход залууст туслах юм. Залуус амьдралаа эхлэхдээ ирээдүйгээ хэзээ ч муугаар төсөөлдөггүй. Гэвч амьдрал санасанаар болохгүй, анхны бэрхшээлүүдтэй тулгарах үед асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхээ больдог. Иймээс энэ хөтөлбөр нь цаг үеэ олсон, хэрэгцээнд суурилсан хөтөлбөр гэж үзэж байна.

 

Хөтөлбөр хэр хугацаанд хэрэгжих вэ?, Цаашид гэр бүл рүү чиглэсэн ямар ажил зохион байгуулахаар төлөвлөв?

 

 “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр 2 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжинэ. Ингэхдээ олон нийт, ялангуяа залуучуудыг гэр бүлийн сайн сайхан, үнэ цэнэтэй байдлыг бий болгоход нь сэдэлжүүлж өгнө. Олон нийтийн хандлагыг өөрчлөх сургалт үйл ажиллагаанууд тогтвортой явагдана. Тухайлбал, аав, ээж, хань ижилдээ бичих хөдөлгөөн, авъяаслаг, хөдөлмөрч гэр бүлийг шалгаруулах, хүүхдийн хөгжил хамгаалал, ирээдүйд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулснаар хүүхдэд гэр бүлийн амьдрал, үнэ цэнэ, ирээдүйн гэр бүлийн амьдралын сайн сайхан байдлын талаар төсөөлөл бий болгоно. Эцэг эхчүүдийн дунд ойлголцол, зөв харилцааг бүрдүүлэх, хүүхдийг хэрхэн хөгжүүлэх, хүмүүжүүлэх арга барилын талаар сургалтууд явагдана.

Монгол гэр бүлийн соёл, ёс уламжлал, үнэ цэнэ, мартагдаад байгаа өв соёлыг бий  болгох олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ үйл ажиллагаанд Завхан аймгийн сумдын төрийн захиргааны байгууллага, ОУ-ын байгууллагуудыг татан оролцуулж бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлнэ.

 Я.Санжмятав гишүүний хувьд 2 жилийн хугацаанд хөтөлбөрөөр дамжуулж  Завхан аймагт гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилт тавьсан байгаа. Хууль бол хэм хэмжээ тогтоодог зүйл, гэвч хуулиас гадна гэр бүлийн хүчирхийллийг бууруулах хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх явдал юм. Тиймээс “Жаргалтай гэр бүл хөтөлбөр” гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийн чиглэлээр залуучууд, гэр бүлийн хандлагыг өөрчлөх, зөв итгэл үнэмшилтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллана.

 

Тэгэхээр “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр маш чухал гэдэг нь харагдаж байна. Эхний ээлжинд 13 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цаашид үлдсэн сумууд, магадгүй бусад аймагт хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?

 

Эхний ээлжинд Я.Санжмятав гишүүний тойргийн 13 суманд хэрэгжинэ. Бид Завхан аймгийн урд талын сумдыг орхихгүй, боломж гарвал хэрэгжүүлэх бодолтой байна. “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр Завхан аймагт хэрэгжсэнээр Монгол Улсад анхны загварыг бий болгох юм. Мөн  “Монгол хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх арга зүй” гэдэг ном гаргахаар төлөвлөж байна. Монгол хүүхдийг яаж Монгол хүн болгож хүмүүжүүлж, хөгжүүлэх вэ? гэдэг асуудал хамгийн тулгамдсан асуудал боллоо. Монгол хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэхэд олон зуун жилийн суурин соёл иргэншилтэй европ сэтгэхүйгээр боловсруулсан аргачлалыг дагамааргүй байна. Монголчууд бол өөрийн гэсэн оюун санааны дархлаатай, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, бахархах соёлтой бөгөөд үр удмаа сурган хүмүүжүүлэх бүхэл бүтэн шинжлэх ухааныг бий болгосон.

Бид 20 жилийн турш Япон, Америкыг шүтсэн, Солонгос явахыг мөрөөдсөн, Монголоо үзэн ядсан бүхэл бүтэн нэг үеийг бий болгочихлоо. Монголчуудын төрийн минь сүлд өршөө гэж төрөө дээдэлж залбирдаг сэтгэлгээний дархлаа төрийг үзэн ядах үзлээр солигдож байна .Энэ бол бид тусгаар тогтнолоо алдах аюул нүүрлэж байна гэсэн үг.

“Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг Монгол улсад гэр бүл болгон жаргалтай байж, тэр гэр бүлд өсч торниж байгаа хүүхэд бүр аз жаргалтай, инээд хөөртэй, эрдэм боловсролтой, зорилготой, зөв Монгол хүн болохын төлөө чиглүүлнэ. Нэг хэсэг эдийн засаг, техник технологийн асуудлыг хөгжлийн үзүүүлэлт гэж үздэг байсан бол одоо хөгжлийн үндсэн тулгуур бол хүний хөгжил юм гэдгийг дэлхий нийт ойлгож эхэлж байна. Хүний хөгжил нь хүүхдийн хөгжлийн суурийг зөв тавихаас эхэлнэ. Эхлэлийн цэг бол гэр бүл.

Гэр бүлийн тогтвортой байдал бол Монгол Улсын тусгаар тогтнолын дархлаа юм. Тиймээс Я.Санжмятав гишүүний санаачилсан Жаргалтай гэр бүл” хөтөлбөр бол Монгол дархлааг бэхжүүлэхийн төлөө анхан шатны нэгжээс нь эхэлж буй томоохон ажил юм.

 

Аз жаргалтай гэр бүлийг цогцлооход хамгийн чухал зүйл нь юу вэ?

 

Жишээлбэл хүн машин жолоодохын тулд жолооны дамжаанд суудаг, тэгвэл амьдралын их далайд гэр бүлийг жолоодохын тулд урьдчилсан мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр залуучууд нас биенд хүрэхээрээ гэрлэх болчихлоо гэж боддог. Ээж, эхнэр, аав, нөхөр болоход бэлэн эсэхээ ойлгоогүй, ямар ч бэлтгэлгүйгээр гэр бүл зохиож байна. Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эхлээд гэр бүлийн амьдралд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээж сураагүй хүн гэр бүлийн амьдралыг авч явж чаддаггүй. Тиймээс хамгийн түрүүнд бусдын өмнө хариуцлага хүлээж сурах хэрэгтэй, дараа нь эсрэг хүйсийнхээ хүний сэтгэл зүйн онцлог, хэрэгцээг мэдэрдэг байх, гуравдугаарт бусадтай зохицож амьдрах чадвартай байх, дөрөвдүгээрт, үр хүүхдээ тэжээх, хүмүүжүүлэх санхүүгийн болон амьдах орчныг бүрдүүлснийхээ дараа гэрлэх ёстой. Аз жаргалтай гэр бүл гэдэг бол гэр бүлийн гишүүд бие биедээ сэтгэл хангалуун, харилцан бие биенээ хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, халуун дулаан уур амьсгалтай, амар тайван гэр бүлийг хэлдэг.

 

Сүүлийн үед залуу гэр бүлийн салалт ихэсч байна. Залуучууд хэрхэн гэр бүлээ тогтвортой авч үлдэх вэ?

 

Гэр бүлийн амьдралыг авч явахад хүнээс маш их ухаан шаардана. Олон хосууд аз жаргалтай, сайхан амьдрахыг хүсдэг ч түүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргадаггүй. Уучилж чаддаг хосууд хамгийн удаан хамт амьдардаг.  Гэр бүлийг бүтээхэд хайрлаж чаддаг байхад хангалттай, харин хадгалж үлдэхийн тулд тэсч, тэвчиж бас өршөөж сурах хэрэгтэй. Залуучууд салах, нийлэх бол эрх чөлөөт нийгэмд дурын асуудал гэж эндүү ташаа ойлгож байна. Үүний үр дүнд гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэж, хамгийн ноцтой үр дагавар нь хүүхдүүд өнчирч байна.

 

Завхан аймагт “Жаргалтай гэр бүл” хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүн гарна гэж харж байна вэ?

 

Хүнд оюун санааны хөрөнгө оруулалтаас илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж байхгүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр үндсэн гурван үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Нэгдүгээрт, Завхан аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурна, хоёрдугаарт, гэр бүл салалт багасна, гуравдугаарт, гэр бүл дэх хүүхдийн хөгжил хамгаалал сайжирна, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин нэмэгдэнэ.

 

Судлаач, эрдэмтэн хүний хувьд гэр бүлийн асуудал дээр хамгийн их санаа зовдог зүйл тань юу вэ?

 

Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол цус ойртолт. Нэг жишээ хэлэхэд, салсан аав ээжийн хүүхдүүд холбоо харилцаагүй байснаас төрсөн ах дүү хоёрын хүүхэд гэрлэхээр 6 сартай жирэмсэн болчихсон яах учраа олохгүй над дээр ирж байсан тохиолдол бий. Бидний иргэний үнэмлэх дээрх овог бол зохиомол шүү дээ. Гурван нэрийн тогтолцооны утга учир бол цус ойртолтоос сэргийлэх явдал юм. Өнөөдөр Монгол хүний генийн сан муудаж байгаа, хүний мөс чанаргүй болж байгаа явдал бол цус ойртолттой холбоотой. Монгол улс малын удмын сангийн хуультай атлаа Монгол хүний удмын санг хамгаалах хууль одоо хүртэл гаргаагүй байгаад судлаач хүний хувьд маш их санаа зовнидог. Тэгэхээр гэр бүл, хүүхдийн асуудал бол Монгол улсын тусгаар тогтнол юм гэдгийг хүн бүр зүрхэндээ хадгалах хэрэгтэй байна.

 

Ярилцлагынхаа төгсгөлд  нийт Монгол гэр бүлдээ хандаж юу хэлэх вэ?

 

Монголчууд бид бусдыг хайрлахад суралцмаар байна. Яагаад өнөөдөр дэлхий дээр гэр бүлийн хүчирхийллийг хамгийн харгис гэмт хэрэгт тооцдог вэ? гэхээр хамгийн их хайрлах ёстой ойр дотныхоо хүний эсрэг үйлдэгддэг учраас тэр. Бид бусдыг хайрлаж чадахаа больж харин бүгдээрээ шүүмжлэгчийн байр сууринд оччихож. Яагаад бусадтай харилцаад гарахдаа тэр хүний сайн талыг олж харах бус саар талыг нь олж хардаг юм бэ, Бусдыг ойлгохыг хүсдэггүй, шүүмжлэхийг хүсдэг энэ сэтгэлгээ гэр бүлийн харилцаанд тод илэрч байна. Тиймээс мөнх бус энэ богинохон амьдралд бүгдээрээ бусдыг хайрлахад суралцъя, бусдадаа урам зориг өгч хамтдаа жаргалтай гэр бүлийг бүтээе гэж хэлмээр байна.

 

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

 

 Ярилцсан-Сэтгүүлч: Б.Оюун-Эрдэнэ

 

2018-03-02 17:44:31