Албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж эхний мэдээллийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа хийлээ. Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн дэмжлэгтэйгээр Завхан аймагт “Хавдрын эсрэг хамтдаа” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд 03 сарын 7-10-ны өдрүүдэд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран хавдрын эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээ хийж байгааг дуулгалаа.
Дараа нь аймгийн Засаг дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. Тэрээр ОХУ-ын Москва хотод болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 21-р хуралдаанд оролцсон бөгөөд талуудын протоколд Завхан аймгийн зүгээс 1-рт, Арц суурийн боомтоор мах экспортлох, 2-рт, Арц суурийн боомтоор шатахуун, шатах тослох материал оруулж ирэх саналыг тусгуулжээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Баруун бүсийн дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийн баг өнгөрсөн 7 хоногт Завхан аймагт ажиллалаа. Төслийн хүрээнд Завхан аймгийн Ургамал, Тосонцэнгэл сумын 1, 2-р сургуулийн дотуур байрыг нийт 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр засварлах тендерийн сонгон шалгаруулалт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эхэлж байгаа тул шалгаруулалтанд орон нутгийн компаниуд оролцох боломжтойг хэллээ.
Мөн бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдагуудын сургалтыг зохион байгуулсан ба энэ жилээс эхлэн байгууллага бүр тайлангаа тавьдаг болжээ. Хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын дарга нартай аймгийн Засаг дарга гэрээ байгуулахгүй гэдгийг санууллаа.
Завхан аймаг “Өдрийн сонин” –той хамтран ажиллах гэрээг үзэглэсэн бөгөөд сар бүр тус сонины 1 дугаарт орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын онцлох мэдээлэл 4 нүүрээр гарч 33.000 уншигчдад хүрэх юм. Тиймээс албан байгууллагын удирдлагууд тухайн сард хийсэн онцлох ажлын мэдээллээ сар бүрийн 20-ны дотор аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэд өгөх боломжтой.
3-р сарын 9-ны өдөр 24 сумын удирдлагуудад дотоод сургалт зохион байгуулахаас гадна аймгийн Засаг даргатай 2018 оны гэрээ байгуулна. 3-р сарын 10-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх” жилийн хүрээнд Завхан аймгийн “Төрийн албаны удирдах ажилтны манлайлал, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна. Энэхүү зөвлөгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академиас ажлын хэсэг оролцох тухай мэдээллийг аймгийн Засаг дарга өглөө.
Энэ удаагийн хуралд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав оролцож УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгч ажиллалаа. Тэрээр шинээр батлагдсан төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, авлигаас ангид байх зэрэг асуудлаар мэдээлэл өгч албан байгууллагын удирдлагуудыг төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчилахад анхаарч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хүслээ. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийг санаачлан Завхан аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Ажлын үр дүнг сайжруулахад байгууллагын удирдлагууд ажилчдынхаа гэр бүлийг аливаа зөрчилгүй, тогтвортой байлгахад анхаарч ажиллах ёстой. Тиймээс улс орны үндэс суурь болох гэр бүлийн сайн сайхан, үнэ цэнэтэй байдлыг бий болгоход “Жаргалтай гэр бүл” хөтөлбөртэй хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ. Хөтөлбөрийн хүрээнд одоогоор 200 орчим сургагч багшийг бэлтгэжээ.
Цаашид “Жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч нь Завхан аймгийн ИТХ, ЗДТГ байх бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар үндсэн үүргээ хэрэгжүүлж, манлайлж ажиллах ёстойг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ үеэр онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ